Монголын төдийгүй хүн төрөлхтний анд нөхөрлөлөө бататгах, анд барилдаж, тангараг өргөх өргөө Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн нутаг Дэлгэр-Өлзийт хайрханы энгэрт өнгөрсөн жилээс эхлэн баригдаж эхэлсэн. Андлалын өргөөний ажлын явцтай аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцсан байна. Тэмүүжин ба Боорчийг илэрхийлэх хөшөөний өндөр 13.5 метр, харин суурийн өндөр 5 метр байх юм. Төмөр бетон хийцээр 20 метр диаметр бүхий дугуй тойрог суурин дээр бүтээж, суурийн дотор талд үзвэр үйлчилгээний танхимыг байгуулах аж.
Монгол дайчин эрсийн дуулга тулган золгох төрхийг илтгэж, монголчуудын үүсэл гарлын тотем болох чоныг хоёр талын дээд этгээдэд дүрслэхдээ ар дагз талаас нь харахад тэнгэр рүү дүүлэх шонхор шувуу харагдахаар бүтээжээ. Уулзаж буй хоёр нүүрний хоорондох орон зайг харахад суварганы дүрс харагдана. Хөшөөний гадна биед Монголын газар нутагт хүрэл зэвсгийн үеэс үүссэн буган хөшөөний дүрслэлийг товойлгож хийжээ. Тус барилгын ажлын явц 75 хувьтай бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүхэн аялал жуулчлалын хүрээнд байгуулж буй уг өргөө баригдсанаар аялал жуулчлал хөгжих, түүх соёлыг сурталчлан таниулах, эдийн засгийн эргэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг аймгийн дарга онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )