ХЭНТИЙ: Сумдад сүү боловсруулж, зах зээлд нийлүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Бэрх тосгон, Норовлин, Дадал, Батноров сумдад ажиллав. Энэ үеэрээ Дадал сумын сүүний үйлдвэр, Норовлин суманд хувиараа сүү боловсруулж, цагаан идээгээ Чингис хот, Улаанбаатарын зах зээлд нийлүүлж байгаа н.Отгонболдын ажилтай танилцав. Дадал сумын сүүний үйлдвэр өдөрт нэг тонн сүү боловсруулж гурван төрлийн савласан бүтээгдэхүүн гаргадаг бол н.Отгонболдынх өдөрт Онон багийнхаа долоон айлаас 600 гаруй литр сүү авч, цөцгий, ааруул, аарц, Монгол масло боловсруулан Хэнтий, Улаанбаатарын зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрлэгчид иргэдээс сүүгээ 400-500 төгрөгийн ханшаар худалдан авдаг ба орц найрлагын хувьд элдэв химийн бодис ороогүй, органик, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гаргаж буй болохоор борлуулалт нэмэгдэх хандлагатай байгаа гэв.

Н.Ганбямба “Зах зээлийн огцом шилжилтийн үед хөдөө аж ахуйн бусад салбарын адил сүүний салбар уналтад орж, сүү цагаан идээ, цөцгийн тосны үйлдвэрлэл 1992 оноос эрс багасаж, 1990 оныхоос 1995 он гэхэд 34 дахин буурч, цөцгийн тосыг 1995 оноос бараг үйлдвэрлэхээ больсон. Үйлдвэрийн уналтаас шалтгаалан орлого нь эрс буурсан инженер, техникийн ажилтнууд, саалийн фермийн ажилчид олноор үйлдвэрлэл, үйлчилгээний өөр салбарт шилжиж хувиараа хөдөлмөр, арилжаа наймаа эрхлэх болсон. Харин “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш сураггүй болсон сүүний үйлдвэрүүд ганц нэгээрээ босож, сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт сүүний жижиг дунд үйлдвэр эргэн сэргэж байгаа нь иргэдийн ажилтай орлоготой болох үндэс суурь юм” гэж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжихээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top