“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
/Равжаа хутагтын мэндэлсний 215 жилийн ойд/
“Үлэмжийн чанар” хэмээх гарчиг өгөөд Дорнын их соён гэгээрүүлэгч, Монголын нэрт яруу найрагч, монгол үндэстний түүхнээ ховорхон төрсөн хосгүй билэгтэн, хутагт, яруу найрагч, сийлбэрч, зураач, уран барилгач, хөгжмийн зохиолч, найруулагч, уран зохиолын онолч ер товчдоо бол есөн эрдэм төгс Дулдуйтын Данзанравжаа буюу Ноён гэгээний тухай судлал- хөргийг тэрлэвээ.
Равжаа хутагтын тухайд эрдэмтэн мэргэд 1940-өөд оноос хойш нэлээд бичжээ. Гэвч сүүлийн үед энэ аугаа хүний тухай ялангуяа залуучууд хойч үеийнхэн тун бага мэдэж байгаа бололтой. Монгол газраас төрсөн энэ суутны тухай их ч мэдмээр байна. Их ч уншиж судалмаар байна. Иймийн учир “Зиндаа” сэтгүүлдээ энэхүү хөргийг нийтэллээ.
Равжаа хутагтын 215 жилийн ой энэ жил тохиож байна. Миний санахад энэ аугаа хүний ойг соёлт дэлхий даяараа тэмдэглэмээр санагдана. Равжаа бол Альберт Эйнштэйн ч биш, Арабын их яруу найрагч Махтумкули ч биш, алдарт Ж.Байрон ч биш, аугаа их Чингис хаан ч биш. Гэвч Дорно дахиныг өргөж төрсөн Рабиндранат Тагорын энд хүрэхүйц (Энэтхэгийн сонгодог зохиолч) дээд зиндааны хүмүүн байсныг түүний уран бүтээл зохиол, урлахуйн их эрдмээс нь тун амархан мэдэж болох ажгуу.
Оршил байдлаар нэлээд үг биччихлээ байна, уншигч абугай уучилтугай. Гол нь Равжаагаа мэдэхгүй байж, алтан сайхан сургаал үгсийг нь уншихгүй байж төр засаг, түмэн олон, төрсөн үр хүүхэд минь нэг л их урагшлахгүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. Миний энэ нийтлэл ч юм уу, өгүүлэл ч юм уу, эл бичлэг гурван бяцхан хэсгээс бүрдэв. За ингээд “Ноён хутагт Данзанравжаа” хэмээх эхний бүлгээр эхэлсүгэй.
Равжаа хутагт бол Монгол овогтноос төрсөн үлэмжийн чанар юмаа. Оноож тавьсан гарчгийн учир ийм бөлгөө.
Ноён хутагт Данзанравжаа
...Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая...
/Равжаа “Үлэмжийн чанар” дуунаас /
Их говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн намтар, цадиг, эгэл биш амьдрал, бүтээл эгнэшгүй содон, үлдээсэн өв нь бүрэн хадгалагдаж биднээ ирсэн сэн бол лавтай 1500 авдар байсан гэдэг. Түүнээс 64 авдар нь хадгалагдаж үлдсэн аж.
Равжаа нь монгол үндэстний түүхнээ ховорхон төрсөн, хосгүй билэгтэн соён гэгээрүүлэгч байжээ.
Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хойд зах Дулаан харын баруун өмнө, Дэнгийн худгийн хойно Шувуун хэмээх өчүүхэн шандны дэргэд Усан гахай жилийн (1803 он) өвлийн дунд сарын хорин тавнаа Ханд дагинасын их дүйцэн лүгээ тохиолдож нар бага үд болохын урьдхан хоосон ядуу нэгний бор овоохойд нэгэн хүү мэндэлжээ. Хүүг умайн тунамлаас мултран унамагц эцэг Дулдуйт нь орхимжоо тосон боож авсанд гэрэл гарч байжээ. Хойчийн их хутагт ийм байдлаар хорвоод мэндэлсэн бүлгээ. Эцэг эх хоёр ядуу тул Төмөр тэмээчний нэгэн хүнээс юм гуйвал хонготой шаант чөмөг өгсөнд Дулдуйт ажаа нь, “Миний хөвүүн учиртай байна” хэмээжээ. “Шувуун хошуут” гэх оддын тохиол дор Равжаа хүмүүн заяанд оршсон нь тэр болой. Тэр жил эх нь нас барж, Дулдуйт хүүгийнхээ хамт тэнэмэл амьдралын замд оров. Луу жилийн зун Хоргын хярд сэтэртэй ганц хүрэн морийг нь чоно идэн гахай явгарчээ. Равжаагийн эрдэм ухаан, хувилгаан чадал тун багаас нь тодорсныг олон баримтаар ярьж болно. 1809 онд Онгийн голын хувилгаан лам Ишдоной-Лхүндэвээс санваар хүртэхээр явах замдаа галзуу өвчин туссан хүнийг эмчилж эдгээсэн тул Пунцаг тойн гэгч ихэд сүсэглэн биширч, хар морь нэгийг өргөв. Нэгэн их борооноор аав, хүү хоёрын айлд хоргодож суухуйд зузаан давхаргатай хойд талын дээрээс дусаал гоожиж, баруун урд хатавчны хавьд суусан Равжаагийн хавьд огт гоожсонгүйд найрын хүмүүс болон дээдэс илтэд тохуурхахын үед долоохон настай хүү босож одоо хүртэл дуулагддаг, өргөн тархлыг олсон алдарт “Хурмаст тэнгэр” дуугаа зохион дуулсан тухай хэн бүхэн мэддэг болсныг дурдъя.
...Үүл нь гараад бороо орохын цагт
Үүд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
Үйл нь байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа вэ...
гэдэг энэ гүн ухааны гайхамшигт мөрүүд тийм бяцхан хүүгийн цээжнээс гарсан гээд бодохоор ер бусын авьяас юм. Равжаа тавдугаар ноён хутагтаар ийнхүү багадаа тодорсон нь аргагүй биз ээ. “Хурмаст тэнгэр” дуу бол таван түрлэг гүн ухаан, сургаал ухаарлын сонгодог бүтээл гэдгийг онцлон дурдъя.
Арван нэгтэйдээ Ажаа гэгээнтнээс абшиг хүртэж, Долнуурын газар очоод олон зүйлийн номд гурван жил суралцжээ. Түүний хамгийн дотно багш Жанжаа эрдэнэ нь таван ухааныг төгс эзэмшсэн, таван хэлээр ном тавьдаг онцгой нэгэн байсан гэх бөгөөд тэр их эрдмээ Равжаад өгүүлсэн нь тодорхой. Равжаа хэлнүүдийн эш үндсийг заалгаж байсан бөгөөд төвөд, хятад, манж, англи, орос хэлийг мэддэг байв. 1818 оноос эм хүнтэй энгэр зөрүүлж үзсэнээ намтартаа:
“Арван зургаан настай барс жилээс эхэлж эмтэй хэвтэв. Нууц тарнийн мөртэй учрах сайн бэлэг болов” гэж бичсэнээр янаг амраг, хайр сэтгэл, хүний амьдралын мөн чанарыг таньж мэдэх зам нь тийнхүү эхэлсэн бөлгөө. Хориод насандаа Өвөр хамрын газар өөрийн төв хийдийг байгуулахаар тогтож ажиллав. Сүм дугана бариулах, бурхдын баримал хийлгэх, номын абшиг хүртэх, хөгжмийн хамтлаг, жүжигчдээ сургуулилах, дуу, шүлэг зохиох зэргээр эгэл бор амьдралд хутгалдаж явсан, очсон газар бүхэндээ найр наадам үүсгэн, бүжиг цам гаргуулж явжээ. Равжаа нь Төвд, Бээжин, Долнуур, Алша, Сөнөд болон Халхынхаа олон газраар аялан явж асар их үйл цогцлон бүтээсэн хүн юмаа. Тэрээр үзмэрч хувилгаан байгаад ч зогсоогүй ариун ёсыг дэлгэрүүлэхэд олон түмнийг уриалан оролцуулж явжээ.
Эдүгээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галавын гурван хийдийн хурлын сүм дуганыг байгуулж, олноо алдаршсан “Галавын магтаал”- аа зохиож, бас бус олон бүтээл туурвижээ. 1832 оны хавраас Төвөдийн хийдүүдийн уран барилгын хийцтэй танилцаж, түүнээс ургуулан шинэ зураг төсөл боловсруулаад удирдан зааварлаж, “Саран хөхөө”-гөө тоглуулах барилгыг бариулав. Тулгатын газар Лашчойлин нэртэй пааландсан гурван давхар, дээрээ дааганы хэртэй бодь гөрөөс бүхий 1000 бурхан залсан гайхамшигт номын ордныг байгуулжээ. Равжаа нь 32 насандаа эрдмийн “гаарамба” хэмээх цол хүртэв. Номын их эрдмээс гадна гүрэм засалч хүн байсан нь Богд Жавзундамбыг эдгээж илааршуулж байснаас тодорхой юм. Энэ сургийг сонссон түшээт хан, Хошой чин ван зэрэг аймаг хошуудын ноёд Богд гэгээнтнийг эдгээсэнд баярлан талархаж, Равжаад зориулан найр наадам үүсгэжээ.
“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” ХИЙГЭЭД “САРАН ХӨХӨӨ”
Хүслийн таван эрдмээр жишээ болгож ноён хутагт Равжаа сэтгэл зүрхийг холбилзуулан татаж, хүсэл хайр ундраах гоо сайхан бүсгүйг магтаж “Үлэмжийн чанар”-аа зохиосон ажгуу. Хүслийн таван эрдэм гэгч нь дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй эдгээр болой. Монголд энэ дууг мэдэхгүй хүн байхгүй. Эхний бадагт бүсгүй хүний бусдын нүднээ тусах гаднах өнгө үзэмж, үзэсгэлэн гоог,
“...Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайгаар” дүрслэн илэрхийлсэн бол дараагийн бадагт сэтгэл татам сайхан үнэрийг анхилам зандантай адилтган:
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ” гэжээ.
Дараагийн бадагт амтыг зөгийн дурыг татагч бал бурмын амттай адилтгасан бөгөөд сүүлчийн бадагт эмэгтэй хүний уян зөөлөн, уран налархай тааламжит байдлыг “Хөлгүй жаргалангийн далайд хөвж хамт жаргая” хэмээн” бие биендээ хүрэлцэн эрхэлж цэнгэх загас мэт амьдын жаргалд умбах санааг уран яруу илэрхийлжээ. Ийнхүү “Үлэмжийн чанар” бол Дандины “Зохист аялгууны толь”- ийн онолоор бичигдсэн хосгүй дуулал юм. Иймэрхүү зохиомж, дүрслэлтэй “Найман зүгтээ” , “Тунгалаг огторгуй” зэрэг шүлгүүд Равжаагийн бүтээлд бий. Хайр сэтгэл, монгол бүсгүйн гоо үзэмж, хүсэн тэмүүлмээр яруу тансаг бүхнийг, амьдралын сайн сайхныг дээдлэн магтаж байсан нь түүний нийгэмд эзлэх байр суурь, алдар цол, ёс дэглэмтэй зөрчилдөж байсан нь эргэлзээгүй. Лам гаралтай зохиолчдоос Равжаагаас өөр янаг амрагийн дуу, шүлэг зохиож байсан хүн байхгүй. Равжаагийн бүтээлд гүн ухааны чиглэлтэй зохиол маш олон байдаг. Аливаа ургамал бодис, араатан жигүүртэн, од гараг бүгд л байгалийн хууль тогтол, жам ёсны дагуу бие биесээ нөхцөлдөж, шүтэн барилдлагад түшиглэн зохицон амьдардгийг дүрслэхийн дашрамд хүний амьдрал, хайрлаж дурлах, хүсэн тэмүүлэх нь мөн л жам ёс гэдгийг “Таван дохио”, “Дөрвөн улирал” зэрэг олон шүлэгтээ гаргасан байдаг.
...Өвөл, зун хоёр нь
Хүйтэн, халуун хоёр
Нар, сар хоёр нь
Гал, ус хоёр
Төрөх, үхэх хоёр нь
Бүтэх, эвдрэх хоёр
Эцэг, эх хоёр нь Арга, билэг хоёр... гэх зэргээр аливаа үзэгдэлд байх эсрэг, тэсрэг чанар, тэдний харилцаа холбооны нэгдлийг маш энгийн хэрнээ гүн утга сүлжилдүүлэн урнаар дүрсэлсэн мөр бадгууд Равжаагийн яруу найрагт тун элбэг байдаг. “Галбын магтаал”, “Урт сайхан хүрэн”, “Зандан сайхан хүрэн” зэрэг олон шилдэг бүтээл нь нутаг ус, хүлэг морь, хайр сэтгэлийн яруу дуулал бөлгөө.
“Тамчийн чинь талыг
Сүүмэлзэн байхад
Тас мэнгэн хүрнээрээ
Мэхэлзүүлсээр туулна”.
Юутай ч уран чамин дүрслэл, уран яруу сэтгэл вэ? Одоо алдарт “Саран хөхөө”-ний намтартай холбогдол бүхий цөөн баримт ярья. Үүгээрээ Равжаа нь театрын аугаа билэгтэн, дуу хөгжмийн суут авьяастан байсныг өгүүлэх гэсэн болой.
“Саран хөхөө”-г Алшаа нутгаас Равжаа залж авчирчээ. Тэрхүү Төвд зохиолыг Равжаа өөрөө жүжиг болгон бичжээ. Тэгэхдээ олон зүйлийг жүжигт нэмж оруулсан гэдэг. Лавтай 100 гаруй дуу, шүлэг нь Равжаагийнх ажээ. Ая нь хүртэл ялгавартай, хөгшин ая, залуу ая гэх жишээтэй. Хөгшин гэдэг нь уянгалаг сайхан уртын дууны өнгө аястай, залуу ая нь одооныхоор бол үглээ дуу юм даг аа хэмээн зургаа дах үеийн тахилч Гомбын Түдэв агсан дурдатгалдаа бичсэн нь бий. “Саран хөхөө” жүжиг тоглох байшин нь хоёр талдаа гонхтой, дундаа тайзтай байжээ. Тайзны шалны доод хэсэгт шуудуутай байсан ба энэ нүхний хэсгүүдийг хааж тагладаг, гүйдэг шалтай байсан. Гонхноос хиймэл уул мод, хад чулууг түрэн оруулж байрлуулна. Шороон шуурга, бороо орох, цахилгаан цахих зэрэг элдэв үзэгдлийг үзүүлнэ. Нэгдүгээр давхрын тайзны арын дугуй хэсэгт хөгжимчид сууна. Үзэгчдэд сэрүү татаж, чийг үнэртүүлэх зорилгоор цацсан усыг далд газар сэм хөөрөгдөж байдаг байж. 40-50 морьтон гарах үзэгдэл байдаг байв. Жүжигчин биеийнхээ хоёр талаас бөгс цээж барьж хүлэхэд морьтой хүн харагдана. Урт урт хадгуудыг татаад түүнийг хөдөлгөхөд их ус болон харагдах ба дунд нь хиймэл галуу хөвнө. Хувцсан дотроо олгойд цус хийж гарах ба байлдааны үед жадаар хатгах, сэлмээр цавчихдаа хувинтай зос ашиглана. Иймэрхүү байдлаар жүжгийг тавьдаг байжээ. Жүжиг тоглоход олон хүмүүс оролцдог, тэднийг жасын, үйлчний, урлагийн, хөгжмийн, хөрөгчийн гэсэн отгуудтай байв. Маш нарийн дэг жаяг, журамтай байсан гэх. Намтар дуулж байхад хэн нэгэн нь зөвшөөрөлгүй гадны хүнтэй уулзахыг хориглоно. Гороонд бие засаж болохгүй. Лам болоод хар хүмүүс эмтэй ойртож болохгүй. Зөрчвөөс баалж шийтгэдэг байж. “Саран хөхөө” бол тэр чигээрээ бясалгал юм. Нууц тарнийн ёсны явдлыг үлгэрлэн аман зохиолын хэлбэрээр хүмүүст харуулах нэг хэлбэр юм. Равжаа нь ерөөс хутагтын заяат хүн. “Саран хөхөө” нь хурсан юм бүгд мөнх бус гэдэг санааг илэрхийлжээ. Эндүүрсэн, төөрсөн, согтуурсан амьтдуудын учрыг ойлгуулахын тулд Саран хөхөөний намтрын явдлаар тэр бүхнийг илтгэн гаргажээ. Равжаа энэ жүжгээ нийгэм, улс төрийн амьдралтай нягт холбож, орчин ахуйнхаа гэм дутагдлыг шүүмжлэх чиглэл рүү хандуулж, зөрчлийг хурцатгасан гэх зэргээр эрдэмтэн мэргэд, судлаачид энэ жүжгийн тухай бичжээ. Эдүгээ “Саран хөхөө”-г Равжаа хутагт зохиож, Авидын Шартолгойн шинэтгэн бичсэнээр тоглож байгааг Монголын үзэгчид шимтэн үзэх боллоо. Цагийн өнгийг эртнээс таньсан Мадимахани хатан хан хөвүүндээ:
“...Сэтгэл алдвал төрийн нуруу хотойдог юм
Сэтгэл алдуурвал түмнийг зовлонд унагадаг юм...” гэж хэлж сургадаг нь өнөөгийн болон хойч үеийнхэнд нэгийг гярхай тусгасан уран хурц, ухаалаг хэллэгээр, дүрээр баяжуулан шинэтгэсэн нь нэрт зохиолч, МУСГЗ А.Шартолгойн гавьяа гэж үзэх, үнэлэх ёстой. “Саран хөхөө” жүжиг их Равжаагийн оюуны сод бүтээлийн манлай болсоор хойч үеийнхэнтэй мөнхөд хамт байх нь тодорхой. Үүнд л Гэгээнтний сүр хүч, сүлд хийморь, цаглашгүй авьяас, цагийг туулан амьдрах ид шид, эрдэм билэг орших буюу.
РАВЖААГИЙН СУРГААЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ТУХАЙ
ИЧИГ, ИЧИГ
“...Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг”
“Зөв болбол бүхэнд дайсан боловч үйлд
Буруу болбол хааны суудалд боловч зайл
Буян болох бол хилэнц мэт боловч үйлд
Хилэнц болох бол буян мэт боловч тэвч...
” /Говийн догшин ноён хутагт Данзанравжаа/
Өөрөө хутагт хувилгаан хүний хувьд амьдарч буй үеийнхээ нийгэм, хүний гэм дутагдлыг засан сайжруулах үүднээс сургаал сэлтээ зохиодог байжээ. “Аяа, уул боловч хэмээх нь”, “Ертөнц авгайн жам”, “Авах гээх бүгд сэтгэлээс”, “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу”, “Сэтгэлийг амраагч”, “Олон хөгшид хүүхдийн хэлэлцдэг үгийн товч”, “Хавар цагийн зугаа”, “Бяцхан хөвүүндээ зориулсан сургаал”, “Ноён гэгээний сургаал”, “Ашдын мөр” зэрэг олон сургаалын шүлгийг бүтээснээрээ хойчийн үе удам, улс үндэстэнд оюуны баялаг өв уламжлал, үнэт эрдэнэсийг үлдээжээ.
Нар үүл хоёр огторгуйн агаараас гардаг. Нүгэл буян хоёр заяаны үйл, өөрийн сэтгэлээс тодордог. Бурхан хэмээхийг бусдаас эрэх хэрэггүй. Өөрийн сэтгэл хоосон чанарт ороод эх болсон хамаг амьтныг энэрэх сэтгэл үүсгэж явбаас бурхан тэр болмой. Өрөөсөн жигүүрт шувуу огторгуйд нисэж үл болох, хоосон чанарыг оловч энэрэх сэтгэлгүй болбоос бурхан үл болох. Нүгэл үйлдсэн болбоос үхэр толгойт эрлэгийн элч цаламдаж хөтлөөд, сармагчин толгойт элч илд далайж туугаад зүүний сүвэгчийн төдийн хавцгайн замаар оруулаад хар цагаан замын бэлчирт Эрлэг Номун хаан суумой. Аймшигт эрлэгүүдийг аргалаад гаръя гэвч заяаны толиноос завсарлаад гаргадаг үгүй л. Замбага цэцэг элэвч эгэл өвснөөс үлэмж байдалтай. Эрдэнэ ноён хутагт миний энэ сургаалийг Манзушири Богд хаанд захирагдсан Мөнж иргэн, Ордос, Сөнөд, Цахар, Дөрвөд, Барга, Солоон, Халх монгол хан харц гүрний улс Өөлд, Торгууд, Урианхай хүртэл сонсогтун. Ер хүмүүн миний энэ сургаалаар явах болбоос миний хатан Галиндэвийн тааллыг дагаж, ханилсан эрдээ хайртай, төрсөн үрдээ сургамжтай, үгээгүй ядууст өглөгтэй, гэр орныг тэтгэгч, тэнгэр дагинас тэр болмой. Гэр захирах эхнэр хүмүүн үгүй болбоос үр хүүхэд нь хүмүүний зарц болмой.
Иш татсан дээрх сургаалуудыг нягтлан ухваас хаанд ч, харцад ч, эдүгээ үеийн эрхэм дээдэс төрийн хүмүүст ч, эгэл борчууд бидэнд ч шууд хамаатай, өглөг буянтай нь тодорхой мэдэгдэх бус уу. Хутагтын сургаалаас цөөхнийг ишилье.
...Өгснийхөө сүүлээр заавал авагч
Өртөг талгүй ертөнц
Магтсаны хажуугаар шоолох
Магадгүй зант ертөнц
Наашаа бай гэвч, цаашаа дутаах
Нарийндаа баахан хулмастай ертөнц
Шүлэглэн шүлэглэн хэлээд гайхуулах
Шүдгүй ганган хүүхэн шиг ертөнц
Туршин туршин бусдын гэмийг отогч
Туйлбаргүй, атаагаар баян ертөнц
Хэмжээгүй тавибал шоолдог ертөнц
Хэн бүгдтэй самуурдаг ертөнц...
Энэ бүгдийг “Ертөнц авгайн жам”-аас авлаа. Одоо “Цаасан шувуу” сургаалаас цөөнийг хэлье.
...Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ
Зарим эр атаа зоргоор амаа барина
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно
Сайн үгийг сонсовч мартана
Муу үгийг алба мэт зарлана
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ
Гуйж хэлбэл эрэмшинэ
Ширүүн хэлбэл доордоно
Дээр явбал атаархана
Доор явбал дарлана
Буруу юмыг бүү өмөөр
Бусдын юманд бүү шуна
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү ярь...
Шүүмжлэлт бөгөөд шог аясаар нэвтэрхий “Ичиг ичиг” шүлгийнх нь тухайд хэдэн үг хэлье. Энэ шүлэг сурах бичигт орсноор хүмүүс нэлээд үг гадарладаг болжээ.
...Аяа, бас албатаа алаглагч ноёд ичиг
Аяа, бас төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа, бас өдөр хийдэд суугаад шөнө айл хэсэгч хуврагууд ичиг
Аяа, бас нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа, бас тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа, бас сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг...
Ер бодвоос дээрх олон ичгүүд яг л өнөөгийн бидний алдаа дутагдал, гэм согогийг 160 гаруй жилийн өмнө олоод хэлчихсэн мэт санагдах авай.
Э.ХАРХҮҮ 2007, 2018 он, Улаанбаатар
Сэтгэгдэл ( 0 )