Сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтад 100 тэрбумыг батлахаа азна!

2019 оны 10 сарын 08

НЭГ СЭДВЭЭР - ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ

Агаарын бохирдлыг арилгах  зөв зүйтэй,  эрсдэлгүй шийдлийг олж, хэрэгжүүлэхгүй бол нэг л шөнийн дотор мянга мянган хүнийг мөнх унтуулсан Английн  эмгэнэлт жишээг Монгол Улс давтахгүй гэхийн баталгаа алга. Хэдийгээр жил жилийн өдийд угаарын хийд хордсон дуудлагын тоо нэмэгдэж, жилдээ 170-180 орчимд хүрдэг  циклтэй ч  аравдугаар сар дундаа ч ороогүй, цаг агаар харьцангуй дулаан байгаа энэ үед олон иргэн угаартаж, 4-5 хүн амиа алдаад буйг статистик гэж хараад өнгөрч болохгүй байх. Гол нь  угаарын хийнд хордсон иргэд гэртээ сайжруулсан түлш түлсэн байр байдалтай байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй асуудал. Агаарын бохирдлыг шийдье гэж олон жил ярьж, өч төчнөөн тэрбумаар нь мөнгө үрсэн үе үеийн төр засгийн бодлогын үргэлжлэл өнөөдөр сайжруулсан түлшийг сонгоод буй. Нэг хэсэг утаагүй зуух гэж баахан ярьцгаасан. Мөнгө ч зарсан.  Тэр үед Д.Энхбат гуай  “Утааг индукцийн аргаар шатаах нь шинжлэх ухаан, технологийн асуудал. Ийм асуудлыг бүх нийтийн хэлэлцүүлэг, улстөрчдийн үгээр шийддэггүй. Ийм асуудлыг бизнес хөрөнгөөрөө баталгаажуулдаг, эсвэл нэр төрийн капиталтай экспертийн комиссыг байгуулж сонсдог. Ардчилал, эмоци бус мэдлэг, практик шийднэ” гэж байсан удаатай. Харамсалтай нь агаарын бохирдлын асуудал манайд шинжлэх ухаанч бодлогод бус засаг засгийн улстөржсөн  шийдвэрийг шингээж өнөөдрийг хүрлээ. Түүнийх нь горыг гэмгүй иргэд бие дээрээ мэдэрч өнөөдрийг хүрснийг сануулах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд өнөөдрийнх шиг иргэд ингэж олноороо угаартаагүй ч нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судалгаа харуулж байгаа. Энэ бол утаа, агаарын бохирдлын золиос хэн болж байгаа вэ гэдгийг шууд тодотгох үзүүлэлт л дээ.

Эхэнд дурдсан Английн жишээг энд багахан дэлгэрүүлэхэд илүүдэхгүй байх. 1930-аад оноос Лондон хотыг нэрвэх болсон агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар нь дорвитой арга хэмжээ авахгүй байсаар хорь гаруй жилийг өнгөрөөсөн байдаг. Гэвч харалган улстөрчдийн үл тоосон байдалд байгаль дэлхий томоос том сануулга өгөхдөө жирийн иргэдийн амийг авчээ. 1952  оны арванхоёрдугаар сарын нэг өдөр салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас хот ямар ч салхигүй болж,  тэр  шөнө  мянга мянган хүн амиа алдаж, тэр өвөл нийтдээ 12 мянган хүн агаарын бохирдлын улмаас амиа алдсан гашуун баримт бий. Үүнийг энд зориуд дурдахын учир нь дөрвөн уулын дунд байршилтай улаанбаатарчуудын өмнө ч ийм бодит эрсдэл байгаа.  Жилдээ 1.2 сая тонн нүүрс түлдэг гэр хорооллын иргэдийн түлшний хэрэгцээг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хангаж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэсэн тооцооллыг эрх баригчид дуулгаад олон сар өнгөрчээ. Гэвч хэлж ярьсан шигээ хуруу гараа хурдан хөдөлгөж ажилласан уу гэвэл бас үгүй л дээ. Эргэн санахад, наймдугаар сарын дундуур “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан холбогдох мэргэжилтнүүдийн хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрийн туршилтын ажилтай танилцаж байв. Тэр үед тус компани хэд хэдэн төрлийн түлш үйлдвэрлэж, холбогдох мэргэжлийн лабораториудад туршилт хийлгээд байгаа гэсэн мэдээллийг өгч байсан юм. Түүнчлэн  есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө туршилтын ажлаа дуусгаж, үйлдвэрлэл эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргах үүргийг дэд захирал Ц.Батсайханаас аваад үлдэж байв. Тэгэхээр 2019 он дөнгөж гарсны дараачаас эхлээд л баахан ярьсан сайжруулсан түлшээ хавар, зуныг алгасаад 20 гаруй хоногийн өмнөөс л жигдрэх маягаар үйлдвэрлэж эхэлсэн л дүр зураг харагдаж байгаа юм. Туршилтын дараа гарсан хариуг нь харахаар азотын хий  стандартаас 2.8 дахин бага,  угаарын хий  стандартаас 1.8 дахин бага гээд уг нь их сонсголонтой үзүүлэлтүүд дуулдсан. Гэхдээ энэ тоон үзүүлэлтүүдэд үнэхээр итгэж болох эсэхэд өнөөдрийн хувьд эргэлзэх шалтгаанууд байгаад байна.

Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад төсвөөс 96 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 16.4 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод ажиллаж байгаа уурын зууханд филтер байрлуулахад 22.5 тэрбум төгрөг зарцуулах бол бусад нь сайжруулсан түлшинд зарцуулагдана гэж тооцсон.  Агаарын бохирдол ба төсвийн зарцуулалтыг судалсан  “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Б.Энхбаяр хэлэхдээ “Бид богино хугацаанд 200 мянган өрхөө орон сууцанд оруулж чадахгүй учраас, ойрын хугацаандаа  яндантайгаа л зууралдахаас өөр аргагүй байна” гэж байсан.  Мөн тэрбээр агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн 2011-2017 онуудад дүгнэлт хийхдээ “Нэгдсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр батлагдсан хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт тодорхойгүй буюу хангалтгүй. Олон газар олон нэгжүүд байгуулагдаж, үйл ажиллагааны уялдаа холбоогүй, замбараагүй ажилласан, татан буугдсан. Албан ёсны мэдээ, мэдээлэл, тайлан, хийж хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн талаарх тоо баримт, мэдээлэл байхгүй. 2016 онд “Цэвэр агаар сан”-г татан буулгаснаар Улсын төсвөөс зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээ эрс буурч 4-5 тэрбум болсон” гэхчлэн анзаарч нягталсан зүйлсээ хэлж байсан юм. Түүний хэлсэнчлэн ойрын хугацаандаа бидэнд яндантай зууралдахаас өөр бодит боломж байхгүй байж болно, нэг талаас.  Гэхдээ өөр гаргалгаанууд бас бийг хаа хаанаа ач холбогдол өгч ажилламаар байгаа юм. Тухайлбал, нүүрсний оронд метан хий хэрэглээндээ нэвтрүүлж, эрчим хүч, дулаанаа шийдэх боломж байгааг мэргэжилтнүүд хэлээд л байдаг.

Ирэх оны төсөвт өмнөх жилүүдийн жишгээр агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардал гээд мөнгө тусгасан л байгаа. Үгүй одоо, мөнгө тусгахгүй байхын аргагүй л дээ. Гол нь зөв зүйтэй арга замыг л олохгүй бол болохгүй нь. 2020 онд 137.6 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг багасгахын тулд төсвөөс зарцуулна. Энэ жилийнхээс 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зардал гэдгийг хэлэх нь зөв байх.  Зарцуулалтыг нь харвал сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтыг зохион байгуулах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бусад арга хэмжээнд зарцуулна гэсэн байсан. Төсөв хэлэлцэх үед “бусад арга хэмжээ” гэдгийг нь задалж хэлэлцэж таарна. Уг нь бол өмнөх жилүүдийнхээс илүү л өндөр дүн урьдчилаад тооцож. Гэхдээ сайжруулсан түлшний асуудлыг нэг мөр шалгаж, бататгаж, тогтоосны дараа түгээх, борлуулахад нь зориулж хэдэн арван тэрбумыг хуульчлах ёстойг хууль батлагчдад сануулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top