Энэ сарын 4-8-ны өдрүүдэд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 122 иргэн угаартаж, зургаан хүн амь насаа алдсан хэрэг гарсныг олон нийт сайжруулсан шахмал түлштэй холбон тайлбарлаж байгаа.
Харин албаныхны зүгээс шахмал түлшийг дотоодын лабораторид шинжилж стандарт хангасан гэж үзэн, иргэд түлшээ түлэхдээ хэрэглээний горим зөрчсөний улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэх тайлбарыг өгч байгаа юм. Гэтэл хоног өнгөрөх тусам угаарын хийнд хордсон иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь нийгмийг айдаст автуулж байна.
Тиймдээ ч иргэд олон нийт шахмал түлш хэрэглэхээс зайлсхийж, айдастай байгаа гэдгээ ярьж байна. Сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” компаниас гэр хорооллын дүүргүүд дэх гэрээт борлуулагч нарт хүргүүлж ажилладаг бөгөөд 400 өрх тутамд нэг борлуулалтын цэг ажиллаж байна. Эдгээр цэгээс иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой ажээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны ... тоот гэрээт борлуулагч Д.Ганзоригоос зарим зүйлсийг тодрууллаа.
-Та хэзээнээс сайжруулсан шахмал түлшний гэрээт борлуулагчаар ажиллаж байна вэ? Худалдан авалт ямар хэмжээнд байна вэ?
-Энэ оны есдүгээр сарын нэгнээс эхлээд “Тавантолгой түлш” компанийн гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа. Худалдан авалтын тухайд улирлын байдлаас шалтгаалаад дундаж хэмжээнд байна. Хүмүүс шахмал түлшийг одоо л хэрэглэж сурч байна.
-Сард дунджаар нэг өрх хэдэн шуудай түлш хэрэглэж байна вэ? Иргэдийн амьжиргааны төвшнөөс шалтгаалаад өөр өөр байгаа байх? Мөн үнийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Нэг шуудай түлш буюу 40 кг түлшийг 3750 төгрөгөөр, нэг тонн буюу 40 шуудай нь 150 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Амьжиргааны төвшин дээгүүр, боломжийн амьдралтай айлууд нэг жилийн хэрэглээгээ нэг дор авч байна. Дундаж амьдралтай айлууд долоо хоногтоо таваас зургаан шуудай түлш авч байна.
-Сүүлийн өдрүүдэд 100 гаруй иргэн угаартаж амь нас эрүүл мэндээрээ хохироод байна. Үүнтэй холбоотойгоор худалдан авалт буурсан уу, эсвэл хэмжээнд байгаа юу?
-Хүмүүс угаартсан тухай мэдээлэл гарсан. Нэг талаас би гэрээт борлуулагч, нөгөө талаас нийгэмд үйл ажиллагаа явуулж байгаа хүнийхээ хувьд өөрийнхөө дүгнэлтийг хэлье. Тухайн хэрэглэгч нар маань зөв зүйтэй хэрэглэж чадаагүйгээс энэ байдалд хүрсэн гэж бодож байгаа. Түлшээ зааврын дагуу түлээд явж байгаа хүмүүс олон байгаа байх. Худалдан авалтын тухайд дундаж байна. Гэхдээ нийт худалдан авагчдын 20 орчим нь хувь нь эргэлзсэн, айдастай байх шиг байсан.
-Тэгвэл борлуулагч нар хэрэглэгчдэдээ шахмал түлшээ хэрхэн зөв түлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажилладаг уу. Нэг талаас иргэд хэрэглээний горим зөрчсөн бол нөгөө талаас борлуулагч энэ тухай мэдээллийг өгөх үүрэгтэй байх?
-Тийм ээ. Хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна нэгж бүтээгдэхүүн болгоны шуудайн дээр зааварчилгаа бичигдсэн байдаг.
-Хүмүүс “хуурамч” түлш худалдаж аваад түлсэн байх боломж байгаа болов уу? Гэрээт борлуулагч нар тонноор нь авч ирээд шуудайлж байгаа харагдлаа. Гэрээт бус борлуулагчид ижил шуудайнд өөр нийлүүлэгчийн түлш худалдаалах боломж байдаг юм болов уу?
-“Тавантолгой” түлш компаниас нийлүүлж байгаа түлш тонноороо ирдэг. Ингэхдээ маш хатуу хяналтын дор цэгүүдэд хүргэгдэж байгаа. Гэрээт цэгүүдэд хуурамч түлш борлуулах боломж байхгүй гэж бодож байна. Манайд бол тийм тохиолдол байгаагүй. Гэхдээ бусад нүүрсний зах, цэгүүдэд тийм тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй.
БОРЛУУЛАГЧИД “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭВ
Чингэлтэй дүүргийн тухайд долоон хорооны 13 айл өрхийн 35 иргэн угаарт өртөж, хоёр хүн нас барсан гэсэн тоон мэдээллийг албаныхан өгч байгаа. Харин Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс хамгийн олон иргэн угаарын хордлогод орсон гэх мэдээлэл бий. Тиймээс бид Сонгинохайрхан дүүрэг дэх сайжруулсан шахмал түлшний гэрээт борлуулагчтай уулзаж нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар боллоо.
Гэтэл тус дүүргийн хэд хэдэн гэрээт борлуулагч бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй гэх хариулт өгч байсан юм. Учрыг лавлахад “Тавантолгой түлш” компанийн зүгээс гэрээт борлуулагч нарыг хэвлэлд мэдээлэл өгөхийг хориглосон гэх ба зөвхөн тус компанийн зөвшөөрөлтэйгөөр ярих боломжтой гэлээ.
Харин иргэдийн зүгээс “Бид дахиж “Сайн түлш” аваагүй. Шөнөдөө галлаж ч чадахгүй хонож байгаа. Хүүхдээ амьсгалж байна уу үгүй юу гэж цаг тутамд шалгаж байна. Ер нь айдастай л байна. Зарим дүүрэгт түлш борлуулж байгаа хүмүүс картаар өгөхгүй, зөвхөн бэлэн мөнгөөр худалдана гэж байсан. Хүмүүс хуурамч түлш авч ирээд ижил шуудайнд хийсэн байх гэж ярьсан. Аль альд нь итгэхгүй байгаа учир аль болох модоо түлээд л байж байна” гэсэн юм.
Өмнөх өдрийн сурвалжилгаар бид Баянзүрх дүүргийн 19 дүгээх хороо, Цайзын ... тоотод оршин суух 56 настай, эрэгтэй Б угаартаж нас барсан хэргийн газарт очсон билээ. Эргэн тийш зүглэж хуурамч шахмал түлшний тухай мэдээллийг мухарлахаар болсон юм. Учир нь талийгаачийн хөршүүд тус айлыг гэрээт борлуулагчаар бус нэр бүхий дэлгүүрээс бэлэн мөнгөөр түлшээ худалдан авч байсан гэдгийг онцолж байсан билээ.
Талийгаач Б-ийн хөрш Х.Ө хэлэхдээ “Бид автобусны буудлын дэргэдэх гэрээт борлуулагчаас түлшээ картаар худалдаж авч байсан. Ойр орчимд асуудал гарсан зүйл байгаагүй. Энэ түлшний гол асуудал нь жижиг жижиг байдаг учраас хурдан шатаад дуусчихдаг. Бусдаар бол асуудал гарч байгаагүй. Манай хүүхдийн хэлж байгаагаар талийгаачийнх хамгийн сүүлд цэцэрлэгийн хажууд талын ... хүнсний дэлгүүрийн цэгээс түлшээ авсан юм билээ. Тэр цэг хүмүүст ерөөсөө картаар үйлчилдэггүй. Зөвхөн бэлэн мөнгөөр худалдана гэдэг байсан. Цагдаагийнхан ирээд тэр газрын түлшийг шалгах шаардлагатай байх” гэсэн юм. Тиймээс бид иргэний мэдээллийн мөрөөр нэр дурдагдсан түлш худалдах цэгт очиход хүнсний дэлгүүрийг хаалттай байсан юм.
Энэ тухай эх сурвалжаас тодруулахад, талийгаачийн гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан түлш нь дээрх цэгээс худалдан авч түлсэн түлш болох нь тогтоогдсон учир найрлагыг нарийвчлан шалгах хүртэл цагдаагийн байгууллагаас хаагаад байгаа гэсэн юм. Ижил шуудайнд савлагдсан хуурамч түлш байж болзошгүй гэх мэдээллийг дахин нягталбал, угаарт өртсөн гэх нийт өрхийн 40 гаруй хувь нь гэрээт бус борлуулагчаас түлш худалдан авсан гэдэг мэдээлэл олдсон юм.
Ямартай ч хэргийн газраас хураан авсан шахмал түлшийг, үйлдвэрийн түлштэй харьцуулан судлах ажил явагдаж байгаа ба эдгээр дээжийг гадаадын дөрвөн улсын лабораторид шинжлүүлэхээр болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
буух эзэн буцах хаягтай газраасаа л авах хэрэгтэйшдэ \n