Чөлөөт бөх: Туркийн босоо аварга Мустафа Дагистанлыгийн түүх

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Турк улс хүчит бөхчүүдээрээ алдартай. Тэдний дунд нэг ч өвдөг шороодоогүй босоо аварга Мустафа Дагистанлы онцгой нэгэн билээ. Энэ бөхийг дурдах болсон учир нь ОХУ-ын олимпын аварга Абдулрашид Садулаев саяхан Туркт амарч байхдаа Мустафа Дагистанлытэй уулзсанаа ихэд олзуурхан дурссанд байгаа юм.

Садулаев “Гарал үүсэл нэгт энэхүү домогт бөхтэй уулзахыг эртнээс хүсэж байлаа. Танилуудынхаа ачаар уулзаж чадлаа. Мустафа Дагистанлы эмнэлэгт хэвтэх гэж байсан ч нэг өдөр хойшлуулан, цаг зав гаргасанд талархаж байна. Бид гэрийнх нь ойролцоох кафед уулзсан. 90 настай ч хөнгөн шингэн хэвээр байна” гэж ярьжээ.

Мөн инстаграм хуудсандаа зураг оруулж, “Бөмбөрцгийн агуу бөхтэй танилцсандаа баяртай байна. Түүний амжилт, замналын талаар би хүүхэд байхаасаа мэддэг байлаа. Мустафа Дагистанлы бол ялагдаж үзээгүй зодог тайлсан, олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга агуу бөх. Туркийн бахархал болсон энэ бөх дагестан гаралтайг хэлэхэд таатай байна. Мустафагийн өвөө нь манай Гонода тосгоны хүн, Имам Шамильтай хамт дайтаж яваад Туркт цагаачилсан юм. Анхны олимпын наадамдаа түрүүлээд Мустафа “Одоо өрсөлдөгч болгон намайг ялахыг хичээнэ. Улам их бэлтгэл хийхгүй бол тэд намайг ялна” гэж хэлсэн байдаг. Мустафа надад ч гэсэн ингэж хэлсэн. Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Аллах танд эрүүл мэнд, урт нас хайрлах болтугай” гэжээ.

Туркчууд бөхөд дуртай хайртай ард түмэн. 1950-иад оны үед Туркийн бөхчүүд дэлхийн дэвжээнд хаанчилж байв. Тэр үед дэлхий ертөнц Мустафа Дагистанлы гэдэг нэрийг тогтоож авсан юм. Олимпод 2, дэлхийд 3 түрүүлэхдээ тэр нэг ч ялагдаж байгаагүй. Ингээд түүний ОХУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

— Миний өвөг дээдэс Дагестаны Гонода тосгоны уугуул. Өвөө минь Имам Шамильтай хамт даяанчлал хийж байсан хүн. Тэр үед Турк улс дайн дажин ихтэй байсан тул Имам Шамиль нутгийнхныгаа дайнд оролцохыг уриалжээ. Олон дагестан эрчүүд Шамилийг дагасны дотор өвөө байлаа. Өвөө минь бие давхар эхнэрээ үлдээгээд Йеменд Османы эзэнт гүрний төлөө тулалдаж яваад амиа алдсан. Хүүгээ хараагүй. Харамсалтай нь би дагестан өвөг дээдсийнхээ талаар их юм мэдэхгүй. Аав намайг есөн настай байхад нас барсан тул надад түүх намтраа ярьж амжаагүй. Ээж ганцаараа зургаан хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Харамсалтай нь ах дүү нар минь бүгд нас барсан. Туркийн Самсун хотод ирэхдээ өвөө, эмээ минь Дагистанлы гэдэг нэр авсан юм.

— Таны бөхийн замнал Самсунд эхэлсэн үү?

— Самсунд амьдарч байхдаа би каракучак үндэсний бөхөөр амжилттай барилдаж байсан ч 1951 онд цэрэгт яваад анх бөхөөр хичээллэж эхэлсэн. Туркийн шигшээ багийн дасгалжуулагч алдарт Яшар Догугийн удирдлага дор би цэргийн албаа хаасан гэхэд болно. Яшар багш намайг анх Армийн аваргын тэмцээн дээр харсан гэсэн. Тэр үед би чөлөөт бөхийн дүрмийг нь мэдэхгүй байж, түрүүлсэн юм. Тэр жилээ би Туркийн аварга болохдоо 1948 оны олимпын 57 кг-ын жингийн аварга Насух Акарыг ялсан. Акар дараа нь “Энэ залууг 15 жил хэн ч ялж чадахгүй” гэж хэлж байлаа. Тэр алдаагүй, би үнэхээр нэг ч ялагдаагүй, гэхдээ миний замнал 15 биш 10 жил л үргэлжилсэн дээ. Би нийт 393 барилдаж, 389 ялсан. Үүнээс олон улсын тавцанд 73 барилдаж, 70 ялсан. Хэд хэд тэнцсэн удаатай.

— Та ялагдаж үзээгүй гэсэн. Гэхдээ 1958 оны Софигийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн байдаг.

— Би дөрвөн ДАШТ-д оролцсон. Тэр үед дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог байлаа. Тиймээ би гурван удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртсэн. Софид ЗХУ-ын Норик Мушегян түрүүлсэн ч би түүнд ялагдаагүй юм. Алтан медалийн төлөө барилдааны өмнө дасгалжуулагч надад итали бөхтэй барилдана гэж хэллээ. Сэтгэл амраад хүйтэн ус ууж, хэсэг унтлаа. Сэртэл гарын булчин татаад хөдөлдөггүй. Цэв хүйтэн ус уухаар тэгдэг гэнэ. Хэчнээн булчин татсан ч би Мушегяныг ялах л байсан. Харин тэр бүтэн барилдааны турш зугтаад тэнцдэг байгаа. Ингээд Болгарын Станчо Колевтой хэрхэн барилдсанаар нь аваргыг тодруулах боллоо. Би Колевийг өмнө нь арав ялахдаа найман удаа цэвэр дарж байсан. Харин Софид би түүнийг оноогоор ялж, харин Мушегян цэвэр ялсан байлаа. Ингээд би олимпын алтан медалиа алдсан юм даа. Колев ах дүү социалист орны бөхдөө албаар цэвэр ялагдаж өгснийг би мэдэж байгаа. (багийн дүнгээр ЗХУ-ын гол өрсөлдөгч нь Турк байсан тул Москвагаас Болгарт шахалт үзүүлсэн гэдэг).

—Таны дархан мэх?

— Мэх гэдэг бол угсраа нэгэн цогц зүйл. Дараалаад угсруулаад хийнэ гэсэн үг. Тийм болохоор аль нэг мэхийг онцлоход хэцүү байна. Би өрсөлдөгчийнхөө нүдийг хараад юу бодож байгаа, ямар мэх хийх гэж байгааг мэддэг байлаа. Өөртэй бүрэн итгэлтэй, өрсөлдөгчид надаас айх ёстой гэсэн бодолтой барилддаг байсан. Ямар ч хүчтэй өрсөлдөгч таарсан би юунаас ч айлгүй дайрдаг, мэх хийдэг байв. Мэх бүтэлгүй болбол яах вэ гэсэн эргэлзээ огт байгаагүй. Харин өрсөлдөгчид маань эргэлздэг тул ялагддаг байлаа.

- Багш, дасгалжуулагч нарынхаа талаар яриач.

- Гол дасгалжуулагч маань Яшар Догу. Мөн олимп, дэлхийн аварга Желал Атик байна. Бид маш их бэлтгэл хийдэг байсан. Багш нар маань биднийг хүүхэд шигээ хайрладаг байсан. Яшар Догу бол сэтгэлийн хүч, ухамсрын бэлгэ тэмдэг болсон хүн. Тэр бүх амьдралынхаа турш тэмцсэн. Бүх мөнгөө Туркийн бөхийн хөгжилд зориулсан. Бөх гээд гэр бүл, хүүхдээ ч мартдаг хүн байлаа. Биднийг гэртээ байрлуулж, хооллож ундлан, мөнгө өгнө. Бид түүнийг аав шигээ хүндэлдэг байсан. Зодог тайлсан олон бөхчүүдэд бизнес эрхлэх, төрийн албанд ороход нь тусалсан.

Яшар Догу

- Одоогийн бөхчүүдийн талаар юу боддог вэ?

- Чөлөөт бөхийн дүрэм маш их өөрчлөгдөж байна. FILA-гийн ерөнхийлөгч Милан Эрцеган надад “Хамгийн техниктэй бөхийн шагнал” гардуулахад би түүнд чөлөөт бөх өнгө зүсээ алдаж байна шүү гэж хэлж байлаа. Одоогийн бөхчүүдийг харахаар “даруухан” зангийг нь гайхдаг. Хэдэн оноо авчхаад хамгаалаад эхлэх юм. Би уран сайхан барилдах дуртай, үзэгчид төдийгүй өөрөө ч дотроо баярлахаар барилдах хүсэлтэй байлаа. Гоё сайхан ялж чадаагүй бол ялалтдаа баярладаггүй байсан. Одоогийн бөхчүүдээс надад Таха Акгуль таалагддаг. Хүнд жингийн бөх ч хурдтай, мэхтэй бөх.

— Тамирчид ялагдаад ирэхээрээ зодог тайлдаг. Харин та 1960 онд өрсөлдөгчдөөсөө илт тасархай түрүүлэн, олимпын хошой аварга болоод зодог тайлсан. Яагаад?

— Тиймээ, 29 настай байсан ч үнэндээ залуу цагийнхаасаа огт өөрчлөгдөөгүй байсан. Хүч чадалтай, бөхөөс залхсан зүйл ч байхгүй байлаа. Дахиад нэг олимпын цикл дээд түвшинд барилдаж чадах л байсан. Яшар Догу багш намайг үлд гээд “Чи дахиад 10 жил ялагдахгүй байж чадна” гэж байсан. 1968 онд би Туркийн олимпын шигшээ багийн цугларалтад очоод залуучуудыг сорих гээд гарч барилдаж, Махмут Алтайг давсан юм. Харин Махмут Мексикийн олимпод очоод түрүүлсэн. Эрт зодог тайлсандаа харамсдаг. Гэхдээ гэр бүлээ тэжээж, олон тооны хамаатнууддаа туслах шаардлагатай байлаа. Барилдаж байхдаа би гайгүй шагналын мөнгө авдаг байсан ч хүүхдүүдийнхээ ирээдүйг хангахад хүрэлцэхгүй байлаа. Би гурван хүү, дөрвөн охинтой. Бүгдэд нь сайн боловсрол эзэмшүүлсэн. Ер нь хэлэхэд бөхөө орхиод бизнес хийж эхэлсэн. Автобус хэд хэдийг худалдан аваад хот хоорондын зорчигчдын тээвэр хийлээ. Их ашигтай бизнес, эрх авахад хэцүү ч миний гавьяаг үнэлээд өгсөн. 1970 он гэхэд би 16 тансаг автобустай болоод байлаа. Их мөнгө олсон ч нисэх, төмөр зам хөгжөөд бизнесээ өөрчлөхөөс өөр аргагүй болсон.

— Та бас улс төрд ороод амжсан.

— 1972 онд би Самсун хотоос парламентад сонгогдсон. Дөрвөн жилийн дараа дахиад сонгуульд ялсан. Дараа нь улс төрөөс гарсан. Намайг ямар депутат байсныг хүмүүс шүүх байх, гол нь би эх орон, ард түмэнд хэрэгтэй зүйл хийхийг л хичээж байсан.

— Яагаад дасгалжуулагч болоогүй юм бэ?

— Би Туркийн шигшээ багт ажиллаж байсан шүү дээ. Гэхдээ хүслээрээ биш л дээ. Бөхийн холбооны ерөнхийлөгч, Спортын сайд хоёр дуудаад л томилчихсон. Тушаасан гэхэд болох юм. 1961 онд Японд болсон ДАШТ-д Туркийн бөхчүүд нэг ч алтан медаль аваагүй тул намайг дуудсан хэрэг. Би хоёр жил шигшээ багт ажиллаад больсон. Зээл авсан байсан болохоор бизнесээ хийхгүй бол болохгүй байлаа.

— Та Дагестанд анх Али Алиевийн урилгаар ирж байсан. Та хоёр 1959 онд Тегеранд ДАШТ-д оролцож байсан. Тэр үед танилцсан уу?

— Олон тэмцээнд тааралдаж, анд нөхөд болсон. 1992 онд Алиевийн нэрэмжит тэмцээнд урилгаар очоод анх удаа Гонода тосгондоо очиж үзлээ. Али намайг олон удаа урьж байсан ч нөхцөл байдлын улмаас очиж чадахгүй байсан юм.

— Та хоёр орны харилцааны асуудлыг хэлж байна уу?

— Энэ асуудал дууссанд баяртай байгаа. Хүүхдүүдээ Дагестанд аваачих мөрөөдөл минь ч биеллээ. Үр удам минь төрөлх газар нутагтайгаа холбоотой байна гэж бодохоор сэтгэл амарсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top