Монгол Улсын 50 орчим мянган иргэний гарын үсэг бүхий, захидал шаардлага НҮБ-д 2018 оны арванхоёрдугаар сард хүрснийг эхлээд сануулъя. Иргэдийн амьд явах эрхэнд ноцтойгоор халдаж буй утааны эсрэг анхаарал хандуулахыг иргэд НҮБ-аас хүссэн юм. Иргэдийн захидалд НҮБ-аас хариу мэдэгдэл гаргахдаа олон нийтийн санаачилгыг сайшааж буйгаа мэдэгдсэн. Агаарын бохирдлын эх үүсвэр, хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад тогтвортой, урт хугацааны төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдэгдэлдээ тодотгож байв.
Тэгвэл НҮБ-аас Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахад 2010-2017 оны хооронд зарцуулсан төсөв хийгээд бодлого зохицуулалтын орчныг судалснаа тайлагнаж байна.
Тухайлбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр (АОББҮХ/2017-2025 он), холбогдох бодлогын бусад баримт бичгүүд, төсвийн зарцуулалт, бодлого зохицуулалтын механизм зэрэгт дүн шинжилгээ хийжээ. НҮБ-ын судалгааны хураангуй тайлангаас хүргэе.
Хот суурин газрын агаарын бохирдол нь олон нөхцөл байдал, учир шалтгаанаас үүдэлтэй бөгөөд өдгөө Улаанбаатар хотын агаарын бохирдол нь олон улсын хэмжээнд өндөрт тооцогдох түвшинд хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд, тухайлбал 2010 оноос хойш уг асуудалд шат шатандаа анхаарал хандуулж ирсэн. Ялангуяа 2017 оноос агаарын бохирдлыг бууруулах хууль эрх зүйн болон бодлогын орчныг сайжруулах ажил хэрэгжсэн хэдий ч гарсан үр дүн төдийлөн хангалтгүй хэвээр байгаа юм.
Цаашид тууштай үр дүнд хүрэхийн тулд төлөвлөлтийг сайжруулах, хэрэгжилтийн үр дүнг хангах зэрэг чухал асуудлуудыг эргэж харах шаардлагатай юм. Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд үндсэн үүрэг бүхий хоёр яам нь Эрчим хүчний болоод Байгаль орчин, аялал жуулчлалын яамд юм. Түүнээс гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэл хотын агаарын бохирдолтой тэмцэхэд чухал үүрэгтэй оролцдог болно. 1990-ээд оноос хойш орон нутгаас Улаанбаатар хот уруу чиглэсэн их шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн хурдацтай хөгжил, гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ, эдгээрээс арай бага хэмжээгээр боловч тасралтгүй өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгслийн тоо зэрэг нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд голлон нөлөөлдөг.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын үр дүн сайнгүй байгаа нь төсөв буурснаас үүдэн санхүүжилт тогтворгүй байх эсвэл огцом буурах, цаашлаад хэрэгжилтэд тавих хяналт сул, үйл ажиллагаа хэрэгжсэний дараа хийх үнэлгээний механизм байхгүй зэрэгтэй шууд холбоотой. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ 2015-2016 онд тохиосон макро эдийн засгийн хямралын үеэр нэлээд саарсан нь эргээд эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлxөөг улам нэмэгдүүлсэн байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол байвал зохих хэмжээнээс хэд дахин их хэвээр байна. Өвлийн саруудад нэмэгддэг NOx, PM2.5, PM10-ийн түвшин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас олон дахин өндөр байна. Хотын захын гэр хороололд амьдардаг хамгийн бага орлоготой өрхүүд дунджаар өрхийн төсвийнхөө 17.5% -ийг өвлийн түлшинд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Дулааны эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон орон сууцны хорооллын оршин суугчид татаастай үнээр тооцож дулааны төлбөрөө төлдөг бол хамгийн бага орлоготой гэр хорооллын иргэд ийм хөнгөлөлт эдэлдэггүйн улмаас үнэ хямд, олдоцтой, бохир түлшийг сонгосноор агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн Газар 2017 оны гуравдугаар сард АОББҮХ-ийг баталсан билээ.
Хөтөлбөрийг 2017-2019 он, 2020- 2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, ингэхдээ бохирдлыг 2016 оны суурь түвшинтэй харьцуулахад 80%-иар бууруулахаар зориод байна.
Монгол Улс дан ганц дотоод шалтгаан гэлтгүй Парисын Хэлэлцээрт нэгдэн орсон үүргээ биелүүлэх зэрэг гадаад хүчин зүйлийн улмаас эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогоо эргэн харах шаардлагатай байгаа юм. Санал болгож буй богино болон урт хугацааны шийдлүүдэд нүүрстөрөгчийн үнийн механизмыг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжих зорилгоор аажимдаа түүхий нүүрсэнд хориг тавих зэрэг зөвлөмжүүдийг багтаасан байна. Богино болон урт хугацааны шийдлүүдийн аль аль нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг түлхүү ашиглах нийтлэг зорилгыг хангахад чиглэсэн байх ёстой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. АОББҮХ-ийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээ, зардал, үр ашигт хийсэн дүн шинжилгээг энэ тайланд багтаасан ба ялангуяа зардал-үр ашгийн шинжилгээ нь цаашид авах арга хэмжээний биелэлтэд багагүй ач холбогдолтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ төлөвлөсөн арга хэмжээний техникийн боломж, хүртээмж, засаглалтай холбоотой асуудлууд, олон нийтийн зүгээс хүлээж авах байдал зэрэг бусад асуудлуудыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Эрчим хүчний боломжит хувилбаруудын үр ашгийг харьцуулахдаа Дэлхийн банк (2011) болон Жайка (2017) байгууллагуудын тайлангуудыг ашигласан болно.
Нүүрсийг хийжүүлэх, газрын гүний дулаан, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжуудыг ч мөн судалж үзэв. Бидний дүгнэснээр АОББҮХ нь хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг нэгтгэсэн чухал баримт бичиг боловч хамрах хүрээ нь хэт өргөн, тусгагдсан өртөг зардал өндөр, цаашлаад бодит үр дүнд хүрэх санхүүжилт бүрдүүлэх талаасаа анхааран сайжруулах шаардлагатай байна. Илүү үр дүнтэй болгохын тулд АОББҮХ болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх нь зүйтэй гэж бид дүгнэж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохистой эрэмбэлж, цэгцлэх нь нэн чухал ба хэрэгжүүлэх болон хяналт тавих механизм мөн тодорхой байх шаардлагатай. Бүх үйл ажиллагааны зардлыг бүрэн тооцож, үр ашгийг нь үнэлэх ёстой. Санхүүжилтийн эх үүсвэрүүд байх боломжтой ч хөрөнгө санхүүжилт татахад хамрах хүрээгээ бодитоор тодорхойлж, төлөвлөлтөө нухацтай боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү тайланд орсон зөвлөмжийн дагуу АОББҮХ-ийн зарим гол арга хэмжээг дорвитой шинэчлэхгүйгээр дунд болон урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэх боломжгүй харагдаж байна. Жишээ нь,
Монгол Улсын Засгийн газар нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжихийн тулд хязгаарлагдмал төсвийг үр ашигтай зарцуулж, хууль, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэн, хяналт мониторинг хийх чадавх бүхий хүчтэй институцийг бий болгох хэрэгтэй байна. Агаарын бохирдолтой тэмцэх төсвийн хуваарилалт жилээс жилд хэлбэлзсээр ирсэн бөгөөд 2015-2016 оны эдийн засгийн хямралын үед мэдэгдэхүйц буурчээ. Хот суурины агаарын бохирдол нь Монгол хүний эрүүл мэнд, сайн сайхан оршихуй хийгээд тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд ноцтой нөлөөлөхөөр байгаа тул цаашид тууштай хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд учрах байгаль орчны эрсдэл (ДЭМБ/WHO) гэж үздэг ба эдийн засгийн ноцтой үр дагавартай (ЭЗХАХБ/ OECD), ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд онц ноцтой нөлөөлдөг (НҮБХС/UNICEF) хэмээжээ. Монгол Улсын хувьд агаарын бохирдолтой холбоотой нийгмийн халамжийн зардал нь ДНБ-ийн 5.3%-тай тэнцэж байна гэсэн тооцоо бий. Үүн дээр төлбөр төлөх бэлэн байдалтай1 холбоотой зардал нэмэгдэж тооцогдох авч энэ чиглэлийн баримт мэдээлэл дутмаг учраас эдийн засгийн өртөг зардлын бүрэн тооцоо Монголд хараахан хийгдээгүй байна. АОББҮХ-ийг эдгээр зөвлөмжүүдийн дагуу шинэчилсэн ч бодит үр дүнд хүрэхийн тулд нэмэлт төсөв шаардагдах болно. Санхүүжилтийн боломжит эх сурвалжуудыг улсын төсвийн хуваарилалтыг эрэмбэлэх, хөнгөлөлттэй зээл, гадаадын буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн дэмжлэг, төр хувийн хэвшлийн түншлэл байх боломжтой хэмээн үзэж байна.
ДҮГНЭЛТ
Энэ бүгдээс харахад шаардагдах санхүүжилт хэт өндөр, бодит бус харагдаж байгаа учраас АОББҮХ-ийн арга хэмжээг илүү эрэмбэлж хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
НҮБ-ААС ДАРААХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ӨГЧ БАЙНА
1. Бохир эрчим хүчний үйлдвэрлэлд бусад хохирлыг нэмж тооцон эцсийн бүтээгдэхүүнд татвар ногдуулах
2. Хөтөлбөрт багтсан авах арга хэмжээг эрэмбэлэхдээ “Тогтвортой” ба “Бодит байдал” -ын, мөн “Өртөг багатай + үр дүн өндөр байх” зарчмыг баримтлах
3. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа болон гарах үр нөлөөний уялдаа холбоог чухалчлах
4. Холбогдох төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын хариуцлага, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг тусгах
5. Холбогдох төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудад авлигаас ангид байх, өртөгтөө дүйцсэн шийдлүүдийг чухалчилсан үр ашигтай засаглал, хяналт мониторингийн механизмыг бий болгох
6. АОББҮХ-ийн үйл ажиллагааны өртөг зардлыг бүрэн тооцсон байх, хэрэв эдийн засгийн хувьд үр ашигтай байвал богино, дунд, урт хугацааны арга хэмжээнд хувааж төлөвлөх
7. Төлөвлөсөн бүх арга хэмжээг эрэмбэлж, оновчтой дэс дараалалд оруулан “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг санхүүжүүлэх нэгдсэн бодлого “ боловсруулах
8. Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, сайн сайхан аж байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл, бохирдлоос хамгаалах болон бохирдолд өртөх байдлаа бууруулах, цаашлаад хувь хүний болон өрхийн түвшинд агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломжийн талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах нь хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд чухал ач холбогдолтой юм.
БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨМЖ (2019/2020)
9. АОББҮХ-ийн хэрэгжилтийг дэмжих Агаар, орчны бохирдолтой тэмцэх бодлогын цогц тогтолцоог бий болгох
10. Эрчим хүчний хангамжид зах зээлийн зарчмыг нэвтрүүлэх. Татаасыг аажмаар халж, агаарын бохирдлын татварыг нэмэгдүүлэх
11. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуримтлагдсан татварыг зөвхөн зориулалтын дагуу зарцуулагдах нөхцөлийг хангах
12. Сайжруулсан зуух ба түлшийг орон байрны дулаалгатай хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг болох ёстой. Төрөөс зуухыг солих, шинэчлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон байрны дулаалгын болон бусад нэмэлт хувилбаруудыг турших нь зүйтэй юм.
13. Сайжруулсан зуухыг дэмжих санхүүжилтийг олгохдоо орлогоос хамаарсан ялгавартай татаас нэвтрүүлэх боломжтой. Татаасыг зөвхөн сайжруулсан зуухны санаачилгыг дэмжихэд ашиглах эсэхийг нягтлах нь зүйтэй.
14. Төрийн байгууллагын ажилтнуудыг түлш, зуухны болон дулаалгын технологийн стандартыг хянах сургалтад хамруулах.
15. Гэр хорооллын өрхүүдэд цахилгаан эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан халаагуурын хүртээмжийг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
16. Одоо хэрэгжиж буй орон сууцжуулах, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжих, эдгээрийг богино, дунд, урт хугацааны арга хэмжээнд хамруулах.
17. Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаа хамтран агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй хөгжлийн түнш байгууллагуудтай хамтрах боломжийг өргөжүүлэх
18. Засгийн газрын бүх түвшинд үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад онцгой анхаарч, агаарын бохирдлын менежментийг бэхжүүлэх
19. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Улаанбаатар хотын захирагчийн албаны чадавхыг бэхжүүлэх
20. АОББҮХ-н хэрэгжилт, үр дүнд хяналт хийх мониторингийн механизмыг бий болгох
21. Хүн амын нутагшил, суурьшлын тухай хуулийн төслийг эцэслэж, УИХ-аар батлуулах
22. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй цахилгаан, дулааны үнэ, тариф, түүний зохицуулалтыг нягтлан, зардлаа нөхөх чиглэлд хэрэгжихүйц төлөвлөгөө боловсруулах
23. Зардлыг бүрэн нөхөхөд цаг хугацааны хувьд нарийвчилсан хуваарьт төлөвлөгөө боловсруулах тусдаа судалгааг хийх
24. Зуух, түлш, барилгын үйлдвэрлэл болон бусад холбогдох салбарт байгаль орчинд ээлтэй стандартуудыг нэвтрүүлэх, байгаа стандартыг цаашид улам боловсронгуй болгох, батлуулах, мөрдүүлэх.
ДУНД ХУГАЦААНД буюу 2020- 2025 ОНД
25. Дулааны цахилгаан станцуудын (ДЦС) үр ашгийг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх
26. ДЦС-уудын болон гэр хорооллын өрхийн үнсний менежментийн арга хэмжээ, түүний дотор зайлуулах, дахин боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх
27. Орон сууцжуулах, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэр дундаа гэр хорооллын орлого багатай өрхүүдэд чиглэсэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх
28. Гэр хорооллын орлого багатай өрхөд чиглэсэн ажлын байр бий болгох хөтөлбөр бий болгох
29. Эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөө байнга шинэчлэгдэж байх нь зүйтэй. Агаарын бохирдлыг бууруулах гол арга зам нь дунд болон урт хугацаанд нүүрсний хэрэглээг бууруулж эрчим хүчний хэрэглээг хангах стратеги юм.
30. Тээврийн хэрэгслийн түлш, түлшний чанарын асуудлаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах, холбогдох журмыг шинэчлэх замаар тээврийн салбараас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх
31. АОББҮХ-ийн шинээр эрэмбэлсэн дарааллын дагуу санхүүжилтийн хэрэгцээг нөхөх төсвийг ЗГ, Улаанбаатар хотын захиргаанаас бий болгох
32. Агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн нэгдсэн бодлого” боловсруулж агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх
33. Төсвийн зарцуулалтын үр ашгийн хяналт шинжилгээг тогтмол хийх
34. ЗГ-аас Амьдралын статистик үнэ цэнийг тооцох зарчмыг нэвтрүүлэх
35. ЗГ-аас агаарын бохирдолд холбогдох нийт хохирлыг тооцох судалгааг санаачлан хийх.
УРТ ХУГАЦААНД - 2025 ОН БА ЦААШИД
36. Эрчим хүч хэрэглэгчдийн бүх бүлэг, тэдгээрийн орлогод нийцсэн ялгавар бүхий тарифын систем нэвтрүүлж, орлого багатай хэрэглэгчид илүү татаас хүртэх нөхцөл бүрдүүлэн хэрэглэгчдэд нийлүүлсэн эрчим хүчний өртгийг бүрэн нөхөх
37. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн боломжит хувилбаруудыг ашиглах. Сэргээгдэх
эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор хувилбаруудыг нарийвчлан судлахаас гадна эрчим хүчний шинэчлэлт хийх стратеги боловсруулах. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх.
38. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх дараах боломжууд байж болох ба үүнд: усан сангаас эрчим хүч үүсгэх, усны эрчим хүчийг хадгалах байгууламжийг хөгжүүлэх, нягтруулсан агаарын эрчим хүчний хураагуур, үүсгэсэн эрчим хүчийг батарей ашиглан хуримтлуулах зэрэг болно. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг давхар судлах нь зүйтэй.
39. ЗГ болон Улаанбаатар хотын захиргаа үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, аливаа зөрчил зүй бус байдлыг арилгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх
40. Орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
41. Эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахын тулд одоо байгаа угсармал орон сууцуудыг дулаалах, хэрэглэгчид ашигласан дулааныхаа хэмжээгээр төлбөрөө (дулааны тоолуур суурилуулах замаар) төлөх нөхцөл бүрдүүлэх зэргийг зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шинэ цахилгаан станц барих ажлыг хэн гацаагаад байнаа? Нефтийн үйлдвэр барьж байгаа шигээ зориглоод орооч ээ.