Израилын бүх элчин сайдын яам, консулын газар тус улсын гадаад хэргийн яам, сангийн яамны хооронд үүсээд буй зөрчилдөөний улмаас хаалгаа барьжээ. Энэ тухай мэдэгдлийг Израилын гадаад хэргийн яам өөрийн албан ёсны цахим хуудсандаа байршуулсан байна.
Израилын гадаад хэргийн яам дипломат төлөөлөгчийн газрын ажиллах журам болон санхүүжилтийн процедурыг өөрчлөх тухай сангийн яамны шийдвэр тус яамны үйл ажиллагаанд төдийгүй тус улсад бүхэлд нь хохиролтой гэж мэдэгджээ. Сангийн яам дипломатуудад ажил хаяхаас өөр сонголт үлдээсэнгүй гэж тус улсын гадаад хэргийн яам дурдаад ойрын үед энэ асуудлыг зохицуулна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Ажил хаялтын хугацаанд гадаадын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй Израилын төлөөлөгчийн газрууд иргэдийг хүлээн авахгүй бөгөөд ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй гэнэ.
Үүнээс өмнө 2014 оны гуравдугаар сард Израилын гадаад хэргийн яам, бүх дипломат төлөөлөгчийн газар хаалгаа барьж байжээ. Олон жилийн туршид тус улсын дипломатууд засгийн газар, сангийн яамнаасаа хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа билээ. Энэ оны наймдугаар сард Израилын элчин сайдын яамдын техник ажилтнууд ажил хаяж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )