Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгресс Мексикийн Канкунд болж, олон чухал шийдвэр гаргалаа. Конгрессоос 57.2 кг-ын жингийн аварга АНУ-ын Гери Рассельд Монголын Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болголоо. Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид албан үүрэг, нэг ёсны даалгавар, тушаал буулгалаа.Тулааны тов удахгүй тодорхой болно.
Н.ТӨГСЦОГТЫН ДАРААГИЙН УЧРАА ГЕРИ РАССЕЛЬ ГЭЖ ХЭН БЭ?
Монголын тулааны спортын түүхэнд шинэ хуудас нээн Олон улсын боксын байгууллагын бүсийг эзэмшиж, замналынхаа эхний 10 тулаанд ялагдал гэгчийг амсаагүй яваа Н.Төгсцогтын дараагийн учраа Гери Рассель байх болно. Магадгүйн Н.Төгсцогтын эхний 10 тулаанд ялсан нь энэ тулаанд огт хамаагүй ч байж болох юм. Учир нь түүний мэргэжлийн боксын замнал цаашид үргэлжилж, мэргэжилтнүүдийн дүгнэж байгаа шиг дараагийн Пакьо болох эсэх нь энэ тулаанаас шийдэгдэх учиртай.
Хувь хүний харизм, тоглолтын арга барил, биеэ авч яваа байдал зэргээрээ түүнийг Америкийн шилдэг тулаанчдын шийрийг хатаах “хатуу самар” гэж олон нийт дүгнэх болсон. Н.Төгсцогтын бүх тулаан Монголчуудад чухал байгаа шиг Гери Расселийн эхний тулаанаас америкчууд ач холбогдол өгч байлаа. АНУ-ын нийслэл Вашингтон хотод 1988 оны зургаадугаар сарын 05-ны өдөр Гери Рассель мэндэлсэн юм. Бага байхаасаа боксын ринг рүү татагдаж, алдартай тамирчдын зурагт хуудсыг өрөөнийхөө хананд наадаг байсныг хожим түүний ээж дурссан нь бий. Улмаар 7 настайгаасаа орон нутгийн хүүхдийн дугуйланд хамрагдаж их замналынхаа эхийг тавьжээ. 10 наснаасаа эхлэн сурагчдын дунд зохиогддог жижиг тэмцээнүүдэд оролцох болов. Агуу тамирчдын шийрийг хатаах ирээдүйтэй тамирчин гэдгээ 2005 онд 16 насандаа нотлон харуулсан гэхэд болно. АНУ даяар өсвөрийн боксчид дунд зохиогддог “Алтан бээлий” тэмцээн болон Сонирхогчдын боксын дэлхийн аваргад хүрэл медаль авч Вашингтон мужийн хэвлэлийнхний хараанд өртсөн юм. Дараа жил нь мөн л Үндэсний “Алтан бээлий” тэмцээн, АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд ч давхар түрүүлэв. Тэрээр энэ хоёр тэмцээнд зэрэг түрүүлсэн ердөө хоёрхон тулаанчийн нэг билээ.
Сонирхогчийн боксоор олимпын медаль эх орондоо авчрахыг хүсэж байсан ч аз түүнийг түшээгүй. АНУ-ын Чикаго хотод болсон сонирхогчдын боксын ДАШТ-ээс медаль зулгаахыг хүссэн ч медалийн болзол хангах тулаанд ОХУ-ын Сергей Водопяновт 16-6 онооны харьцаагаар хожигдож медалиас мултарсан юм. Хэдийгээр 2008 оны Бээжингийн олимпод эх орноо төлөөлөн оролцох байсан ч жин их хассанаас шалтгаалан хувцас солих өрөөнд ухаан алдаж унан олимпын дэвжээнд тулалдах эрхгүй болсон байна.
Солгой гарын шулуун цохилт нь Гери Расселийн нэрийн хуудас болсон цохилт. Түүнийг боксын спортын шилдэг 20 солгой гартнуудын тоонд багтаадаг нь жирийн тохиолдол биш.
Залуудаа авсан зүүн мөрний бэртэл, жингээ олон дахин хассан нь сонирхогчдын боксын замналыг нь дуусгасан ч гэмтлээ эдгээгээд мэргэжлийн боксын ертөнцөд амьдралаа холбохоор болж эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдаж эхэлжээ. Улмаар 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа нутаг нэгт тулаанч Антонио Рейсийн эсрэг хийж ердөө гуравхан минутын хугацаанд техникийн илт давамгай байдлаар буулган авсан юм. Мэргэжлийн боксын спортод хөл тавьсан 2009 онд тэрээр зургаан тулаан хийсэн нь бусад тамирчдаас ялгагдах нэг онцлог нь байлаа. Ердөө жилийн хугацаанд тэрээр 13 удаа тулалдаж бүгдэд нь ялалт байгуулсан юм. Эдгээр тулаан дунд шүүгчдийн шийдвэрээр гурван удаа, бусдад нь дандаа техникийн илүүгээр буулган авсан нь мэргэжилтнүүдийн анхааралд өртөх нэг үндэслэл болсон байна. 2011 онд тэрээр мөн л зургаан тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Мэргэжлийн боксын “Ринг”, ESPN, Sports Illustrated сэтгүүл түүнийг өсөх ирээдүйтэй тамирчнаараа нэрлэсэн нь түүний тулааныг анхаарч үзэх сонирхогчдын тоог нэмсэн юм.
Мэргэжлийн тулаанч болсноосоо хойш таван жилийн дараа Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдахаар болов. Гэхдээ тэрээр Олон улсын боксын байгууллагын бүсийн төлөөх тулааныг алгасан өмнө нь гаргасан амжилтыг нь харгалзан шууд Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдсан юм. Энэ удаагийн өрсөлдөгч нь Василь Ломаченко байлаа. Украины тулаанч тэрээр сонирхогчдын боксоор тулалдаг байхдаа л олны анхааралд өртсөн. Цэргийн европын аварга, Залуучуудын дэлхийн аварга, Европын аварга, Дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медаль, Бээжин, Лондоны хоёр олимп дараалан аваргаа хамгаалсан мундаг “амьтан” байв. Бүсийн төлөөх тулаандаа Гери Рассель шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн юм. Хэдийгээр шүүгчдийн буруу шийдвэр гэж заргалдсан ч нэгэнт гарсан шийдвэрийг яах ч аргагүй.
“Мэргэжлийн боксын ертөнцөд төгс гэдэг үгээс бүр илүү гарах ур чадвартай байхгүй бол болохгүй гэдгийг энэ тулаанаас ойлголоо” гэж анхныхаа ялагдлын дараа Гери Рассель ярилцлага өгч байлаа.
Гэвч тэрээр үүнээс хойш ялагдаагүй. Ердөө нэг тулааны дараа л Дэлхийн боксын зөвлөлийн бүсийн төлөө дахин тулалдах болсон юм. Тэрээр бүсийн төлөө Мексикийн боксчин Жонни Гонзалезтай тулалдаж гуравдугаар үед техникийн илт давуугаар буулган авсан билээ. Үүнээс хойш дараалсан гурван тулаанд Дэлхийн боксын зөвлөлийн бүсээ хамгаалаад байна.
Солгой гарын шулуун цохилт нь түүний нэрийн хуудас болсон цохилт. Түүнийг боксын спортын шилдэг 20 солгой гартнуудын тоонд багтаадаг нь зүгээр ч нэг тохиолдол биш. Гери Рассель бол Америкийн боксын шинэ цагийн өнгийг тодорхойлж буй нэгэн. Нийт 30 тулаан хийснээс 29-д ялсан юм. Үүний 17 нь техникийн хүнд цохилт байлаа.
Сэтгэгдэл ( 7 )
Тов хурдан гараасай. Дүү ч шуугуулна даа
Hicheegeerei Togstsogtoooooo!!!!
ЛОМАЧЕНКОГ УНАГАЖ БАЙСАН
үнэхээр сайн боксчин байна лээ манай хүн нэг дахин хичээх хэрэгтэй амжилт хүсье төгсөөдөө
Төгсөөд ямар бэртэл бнаа?
Ломаченко жинхэнэ нүдсэндээ шүүгчдийн шийдвэр яаг л бсан
төгсцогт бэртлээ эдгээсэн юм болов уу. Энэ нөхөр харин тоглохгүй зугтаж байгаад Төгсцогтын бэртлийг эдгээх хугацаа өгөх шиг боллоо. Шууд зөвшөөрсөн бол бэртэлтэй хүнтэй тоглоод өөрт нь давуу тал үүсэж магадгүй байж дээ.