АНУ-ын их, дээд сургуульд элсэгчдийн тоо цөөрсний улмаас тус улсын эдийн засаг 11.8 тэрбум ам.доллар, 65 мянган ажлын байрны алдагдал хүлээжээ гэж Олон улсын багш нарын холбооноос мэдээлжээ.
Гаднын оюутнуудын дунд АНУ-ын виз авахад хүндрэлтэй болсон, тус улсад сурч, амьдрахад аюултай гэсэн ойлголт давамгайлах болсныг судалгаа харуулжээ. 2018-2019 оны хичээлийн жилд гаднын элсэгчдийн тоо 0.9 хувиар буурсан бол 2017-2018 хичээлийн жилд 6.6 хувиар буурч байжээ. АНУ-ын Төрийн департаментын мэдээллээр, тус улсын их, дээд сургуульд суралцах гаднын оюутан залуусын тоо гурван жил дараалан буурсан үзүүлэлттэй байна.
Гаднын оюутны тоо буурсан нь тус улсын их, дээд сургуулиудад санхүүгийн хүндрэл учруулж байна. Калифорни мужийн Нортриж их сургуулийн орлого 2016-2019 онуудад 26 хувиар буурсан нь 6.5 сая ам.долларын алдагдал юм.
Гаднын долоон оюутан тутмын нэгд зориулж тус улсад гурван ажлын байр бий болдог байна. Үүнд тээвэр, жижиглэн худалдаа, хоол зэрэг үйлчилгээний салбарууд хамардаг.
2018-2019 оны хичээлийн жилд АНУ-ын коллеж, их сургуульд суралцаж буй нийт нэг сай гаруй гаднын оюутан тус улсын эдийн засагт 41 тэрбум ам.долларыг оруулж, 460 орчим ажлын байрыг дэмжжээ. Вашингтон мужийн Пенинсула коллежид элсэгчдийн тоо сүүлийн хоёр жилд 25 хувиар буурсны улмаас 13 ажлын байрыг цомхтгосон аж.
Гаднын оюутнуудын тоо буурсныг нэг талаар ам.долларын ханш өссөнтэй мөн холбон тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )