Өнөөдөр тамхинаас татгалзах олон улсын өдөр

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Тамхинаас татгалзах олон улсын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь пүрэв гарагт тэмдэглэдэг. 2019 онд энэ өдөр өнөөдөр /2019.11.21/ таарч байна. Гол зорилго нь тамхи татсанаас үүдэлтэй сөрөг ур дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.

Тамхинаас татгалзах олон улсын өдрийг бий болгох санаачилгыг 1970-аад онд Америкийн хорт хавдрын эсрэг нийгэмлэг гаргажээ. 2005 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхидалтын эсрэг тэмцэх хүрээний конвенц хүчин төгөлдөр болсон. Конвенцод дэлхийн хүн амын 90 хувийг бүрдүүлсэн 180 гаруй улс орон нэгдсэн бөгөөд НҮБ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн гэрээний нэг болсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тамхидалт нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна гэж анхааруулдаг. Жил бүр найман сая гаруй хүн үүнээс болж нас бардгаас долоон сая нь тамхичид байдаг бол 1.2 сая нь дан тамхидалтад өртөж буй тамхи татдаггүй хүмүүс байдаг аж.

Тамхины утаанд долоон мянга гаруй химийн бодис агуулагддагаас 250 нь хүний эрүүл мэндэд хортой, 70 орчим нь хорт хавдар үүсгэгч бодис байдаг. Хорт хавдрын өвчлөлийн нийт 90 хувь нь тамхидалтаас үүдэлтэй ба архаг бронхит зэрэг уушгины өвчин үүсгэдэг гол эх үүсвэр юм. Америкийн эрдэмтэд шүүлтүүргүй тамхийг хамгийн аюултай хэмээн үздэг. Ийм төрлийн тамхи уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хоёр дахин, нас барах магадлалыг 30 хувиар нэмэгдүүлдэг байна.

Сүүлийн жилүүдэд тамхичид электрон тамхи ихээр татах болсон. Гэтэл энэ нь мөн л хорт бодис их хэмжээгээр агуулдаг. Электрон тамхины шингэнд нүд, арьс, салстыг харшлуулдаг фенол, мэдрэл, зүрх, судасны системийг гэмтээдэг тугалга, хорт хавдар үүсгэгч бодисууд агуулагддаг аж. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар, АНУ-д электрон тамхи татсаны улмаас 37 хүн нас барж, 1.8 мянган хүн электрон тамхинаас үүдэлтэй уушгины өвчнөөр өвчлөөд байна. Усан тамхи мөн хүний эрүүл мэндэд хортой болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ төрлийн тамхи нь зүрхний агшилтын давтамжийг нэмэгдүүлэн, цусны даралтыг өсгөж, уушгины ажиллагааг бууруулдаг байна.

Тамхидалтын ноцтой аюул нь хурдан дасал болдогт оршдог. Тамхи байнга татдаг хүмүүсийн 98 хувь нь хорт зуршлаа хаях оролдлого хийдэг ч эсвэл тэр даруйдаа бүтэлгүйтдэг, эсвэл нэг жилийн дараа дахин тамхи татаж эхэлдэг байна. Ямар ч насандаа энэ хорт зуршлаас татгалзаж чадвал эрүүл мэндэд эерэг өөрчлөлт гардаг байна. 30-35 насандаа тамхинаас гарсан хүн амьдралдаа хэзээ ч тамхи татаж үзээгүй хүнтэй адил урт наслах боломжтой гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top