БОАЖЯ, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.
-Дэлхий нийтээрээ химийн найрлагагүй экологид ээлтэй бүтээгдэхүүний эрэлд гараад байгаа энэ үед танай яамнаас ойн нөхөрлөлүүдийн хийсэн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, “эзэнтэй” болж байгаагаараа онцлог. Иргэд, нөхөрлөлүүд маань орон нутагтаа эмийн ургамал, хадлан тэжээл, самар, жимс түүх давуу эрхтэйгээс гадна бусад байгалийн баялгийг ашиглах өргөн боломжтой. Тухайн ойн сан, байгалийн нөөцөд менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор хийлгүүлж, түүний дагуу зохих үр шимийг хамтдаа хүртэх өргөн боломжтой болсон.
Энэ оны 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспо дээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн” уриан дор үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ялангуяа ой бүхий аймгуудад, мөн бэлчээр нутгийг хамгаалах бусад байгалийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийг чадавхижуулах, тэдэнд яаж бизнес төлөвлөгөөг хийх вэ, хамтраад байгалийн баялгийг удаан хугацаанд тогтвортойгоор хэрхэн ашиглах вэ зэрэг арга замуудыг зааж, чиглүүлсэн олон ажлууд хийсэн. Үзэсгэлэн, худалдааны бас нэг чухал зорилго нь бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна хамтраад бүтээгдэхүүн хийгээд сурчихсан нөхөрлөлүүдээс бусад нөхөрлөлүүд харилцан суралцах, туршлага судлах боломж бүрдэх юм.
-Гадаадын жуулчид ирэхэд дотооддоо үйлдвэрлэж байгаа экологид ээлтэй бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа нь ховор харагдах юм. Үүнийг яамнаас ямар бодлогоор дэмжих вэ?
-Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх зорилтууд тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хүрээнд гадаадын олон жуулчид Монгол оронд ирнэ. Мөн аялал жуулчлалын маршрут, бүс нутгуудыг тодорхойлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг үе, шаттайгаар нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн иргэдэд ямар бололцоо байна, түүн дээр нь дэмжиж байна. Жишээлбэл, тодорхой аймгуудын нөхөрлөлүүдэд түлхүүрийн оосор, ханын цаг, ширээ, сандал зэрэг модны ур, өвөрмөц тогтцыг ашиглан бэлэг, дурсгалын энгийн зүйлсээс авахуулаад гэр, албан байгууллагыг нарийн хийцтэй модон эдлэлээр тохижуулж болох бүтээгдэхүүнийг хийх цахилгаан багаж, бага оврын тоног төхөөрөмжийг нийлүүлэн, жишиг байдлаар ажиллуулж байна. Өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын жуулчдад тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөлүүд бага гэлтгүй цэвэр хийц бүхий бүтээгдэхүүнээ 1, 2 долларын үнэтэйгээр 500, 1000 ширхгийг борлуулчихад л нэлээд орлого олох бололцоо бий. Тухайн орон нутгийнхаа онцлогийг шингээсэн, жуулчид аваад явчихаар авсаархан, энгийн зүйлийг нөхөрлөлүүд маань хийгээд эхэлчихсэн. Үзэсгэлэн худалдаанд сийлбэртэй гэрээс эхлээд жижиг түлхүүрийн оосор хүртэл борлуулна. Иргэд та бүхнийг 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспод зохион байгуулах нөхөрлөлүүдийн “Экологид ээлтэй бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 250 орчим нөхөрлөлийн гишүүд хүрэлцэн ирж, мод болон эсгий бүтээгдэхүүнээ борлуулах юм.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 1600 ойн нөхөрлөл байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Нөхөрлөлүүд өнөөдрийн байдлаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хувьд нөхөрлөлийн гишүүн болсноор ямар ач тусыг хувийн амьдралд олж авч байгаа вэ?
-1600 гаруй нөхөрлөл маань байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэсэн ерөнхий нэр дээр явдаг. Үүнээс 1330 орчим нь ойн санд үйл ажиллагаа явуулж байгаа “ойн нөхөрлөл” байдаг. Нөхөрлөлүүд бий болсноор байгаль хамгаалах үйлсэд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өргөн уудам нутагтай Монгол орны хувьд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид алс хязгаар нутгийн гүнд хүрч ажиллахад амаргүй байдаг. Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, “эзэнтэй” болж байгаагаараа онцлог. Иргэд, нөхөрлөлүүд маань ямар үр ашиг, шимийг хүртэх вэ гэхээр орон нутагтаа эмийн ургамал, хадлан тэжээл, самар, жимсийг түүх давуу эрхтэйгээс гадна бусад байгалийн баялгийг ашиглах өргөн боломж нь бүрдэж байгаа юм. Тухайн ойн сан, байгалийн нөөцөд менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор хийлгүүлж, түүний дагуу зохих үр шимийг хамтдаа хүртэх өргөн боломж бий болж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )