Блүмберг: Шатдаг занарын алтан үе төгсөнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ сайд нар АНУ-д шатдаг занарын алтан үе төгссөн гэж үзэж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Тус байгууллагын гишүүдийн үзэж буйгаар, 2020 онд АНУ-д шатдаг занарын олборлолтын хэмжээ өмнөх үетэй харьцуулбал буурах төлөвтэй байна. Газрын тосны бүтээгдэхүүн борлуулагчид үүнтэй мөн санал нэг байна. Нидерландын эрчим хүчний “Vitol Group” компанийн шинжээчид 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд АНУ-д газрын тосны олборлолт хоногт 700 мянган баррелээр өсөх бол 2018 оны сүүлээс 2019 оны сүүл хүртэл газрын тосны олборлолтын өсөлт 1.1 сая баррель байжээ.

Шатдаг занар олборлодог компаниуд зардлаа бууруулах тухай мэдэгдэж байгаа бол томоохон тоглогчид олборлолтоо нэмэгдүүлэх магадлал өндөр байна гэж Блүмберг агентлаг онцолжээ.

Ингэхдээ ОПЕК-ийн гишүүн орнуудын хувьд АНУ-ын шатдаг занар бус Бразил, Норвеги зэрэг улсад хар алтны олборлолт өсөж буй нь асуудал үүсгэж байгаа юм гэж Блүмберг үзэж байна.

2017 оноос ОПЕК болон тус байгууллагын гишүүн бус улс орнуудын байгуулсан газрын тосны олборлолтыг бууруулах тухай ОПЕК+ гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээний хугацааг удаа дараа сунгаж байсан ч нөхцөл нь өөрчлөгдөж байв. Одоогийн байдлаар гэрээнд газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 1.2 сая баррелиар буюу 2018 оны аравдугаар сарын түвшинд бууруулахаар заасан бөгөөд энэхүү гэрээ 2020 оны гуравдугаар сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх ээлжит ОПЕК+ хуралдааныг энэ сарын 5-6-нд хийхээр төлөвлөж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.133) 2019 оны 12 сарын 03

Gazriin tos orloh haa ch baisan yum sursan zang suraar booj bolohgui

0  |  0
Top