ВИДЕО: Ерөнхий сайд нар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхэнд /2019.12.03/ ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж, санал солилцлоо.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд У.Хүрэлсүх та ОХУ-д тавтай морил. Энэ бол танай улсын Ерөнхий сайдын хувьд манай улсад хийж байгаа анхны айлчлал. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн есөн жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм. Би 2009 онд Монголд албан ёсны айлчлал хийсэн. Харин 2016 оны АСЕМ-ын уулзалтад оролцсон. Энэ богино хугацаанд танай улс өөрчлөгдсөн гэдгийг би баттай хэлж чадна. Монгол Улсыг би найрсаг түнш гэж хардаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсын үзүүлсэн агуу их тусламжийг бид сайн санадаг. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал чухал ач холбогдолтой байж, түүхэн өдөртэй давхацсан. Манай яриа хэлэлцээний үед эдийн засаг, нийгмийн асуудал, хамт ажиллагааны бүх талаар санал солилцоно гэж итгэж байгаа. Та бүхнийг ОХУ-д тавтай морилохыг хүсэж байна” гэв.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Их баярлалаа. Тантай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцах завшаан олдсонд баяртай байна. Юуны түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж байна. Монгол, Орос бол олон жилийн найрамдлын хамтын ажиллагаатай ард түмэн. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд есөн жилийн дараа таны урилгаар айлчилж байгаадаа баяртай байна. Есөн жилийн өмнө С.Батболд дарга Ерөнхий сайд байх үедээ айлчилж байсан. Энэ жилийн хувьд Монгол түмний бахархал болсон Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой  болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өөрийн биеэр хүрэлцэн ирж, айлчлал хийсэн нь манай хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа түүхийн агуу эрэлхэг, эр зоригт дайчдад хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл явдал болсон. Монгол Улсын ард түмэн дайны үед ч энх цагийн бүтээн байгуулалтын үед ч байнга хамтдаа байж ирсэн ийм яруу түүхтэй, харилцаатай ард түмэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны хоорондын харилцаа нэг түвшин ахиж, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн. Манай хоёр улсын улс төрийн харилцаа маш сайн байдаг. Энэ бол түүхэн сайхан уламжлалт ах дүүгийн харилцаатай ард түмэн. Сүүлийн жилүүдэд нэг харилцаа бага зэрэг саарсан. Энэ бол эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа. Цаашдаа хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэл дээр хоёр талаасаа хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комиссын ажил сайн явж байгаа” гэлээ. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Гэрэл зургийн эх сурвалж: Ria.ru

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top