З.Энхболд: Дуурь, драмын театрыг нураалгахгүйн тулд хориг тавьсан

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.10/ хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн тавьсан хорийг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.  


Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байнгын хорооны хуралдаантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

-УИХ-ын Төсвийн байнгын хороо нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ. Одоо асуудлыг Төсвийн тухай хуульд яаж тусах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн асуудалд хориг тавьсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлийг орлогоор болон зарлагаар нь хувааж, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг хоёр хувиар нэмэх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой санал нэгдсэн. Зарлагыг хасах дээр мөн санал нийлсэн. Энэ нь төсвийн хуульд яаж тусах вэ гэхээр Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн орлого, дөрөвдүгээр зүйлийн зарлагаас тус тус 174.2 тэрбум төгрөгийг хасаад цааш явна. Үүнийг хассаны дараа УИХ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж 25 хувь болох гэж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг 23 хувь дээр нь зогсоогоод, хоёр хувиар нэмсэн 2017 оныхоо хуулийг өөрчилнө. Байнгын хорооны гишүүд бусад хоригийг хүлээж авсангүй.

-Хоригийг хүлээж аваагүй үндэслэл юу байсан бэ?

-Ерөнхийлөгч төсвийн хөрөнгө оруулалтын хоёрдугаар хавсралтын 386 барилга арга хэмжээг болохгүй байна гэж үзсэн. 2020 оноос эхлээд 2021, 2022 онуудад дамжин хийгдэх нэг их наяд 424 тэрбум 277.3 сая төгрөгийн өртөгтэй 386 барилга арга хэмжээ байсан. Товчхондоо хориг тавьсан шалтгаан нь дараачийн Их хурлын буюу 2020 оны сүүлийн хагас, 2021 он, 2022 оны бүтэн төсвийг энэ УИХ зарцуулчхаад явах гэж байгаа нь буруу гэж үзсэн. Харин УИХ-ын гишүүд зөв гэж үзлээ. 2020 оны төсөвт 386 барилгад 350.8 тэрбум төгрөг суулгасан. Үүнийг хасахыг бас зөвшөөрсөнгүй. Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хүрээнд 2016 оны хоёрдугаар сард батлагдаад, цааш хэрэгжээд явах ёстой хуулийг хэрэгжүүлэхээс татгалзлаа. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг төрийн алба, ялангуяа Сангийн яамнаас ангид байхаар бодож манай Их хурал хууль гаргаж байсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс корпораци байгуулж, Сангийн яамны өдөр тутмын орлого зарлагатай холихгүй, тусдаа явна гэсэн. Гэтэл МАН засгийн эрхийг аваад ямар нэгэн өөрчлөлт хийлгүй өдийг хүрлээ. 2020 он гарах гэж байхад корпорациа байгуулахгүй явсаар Сангийн яамандаа өгөх гэж байна гэдэг нь энэ хуулийг байхгүйтэй адил болгож байна. Яг Сангийн яам болон төсвийн мөнгөтэй хольчихгүй байхын тулд хуулийг гаргасан юм.

-Ерөнхийлөгч яагаад бүтээн байгуулалтын төслүүдэд хориг тавьсан юм бэ?

-Манай хориг хойноо хавсралттай. Хавсралтад аравхан барилга бий. Энэ дотор хоёр театр орсон. Улсын драмын эрдмийн театрын зураг төлийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх ажлыг 2020-2022 онд хийх юм билээ. Нийт төсөвт өртөг нь 52 тэрбум төгрөг. Санхүүжилтийг ирэх жил хоёрхон тэрбум төгрөг гэсэн байна. Дараагийн асуудал нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зураг төлийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх ажилд 54 тэрбум 607 сая төгрөг төсөвлөөд 2020 онд бас хоёр тэрбум төгрөг тусгасан. Энэ хоёр тэрбум төгрөгөөр зураг зурах гээд байх шиг байгаа юм. Бас Байгалийн түүхийн музейд 94 тэрбум 460 сая төгрөг тавьсан байна. Гэхдээ Хан-Уул дүүрэгт. Сая нураасан музейгээ 26 тэрбум 933 сая төгрөгөөр Хан-Уул дүүрэгт шинээр барих нь л дээ. Тэгэхээр Дуурийн болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгахгүйн тулд энэ хоригийг тавьсан. Мөнгийг нь хасах юм бол нураахаа больчихно гэж бодсон. Харамсалтай нь УИХ хүлээж авсангүй. Тэгэхээр Байгалийн түүхийн музейн хувь заяагаар харах юм бол энэ хоёрыг бас нурааж магадгүй гэж бодож хориг тавьсан юм.

-Он дамжих барилгуудын хэдэн хувийн хөрөнгө оруулалтыг 2020 онд тусгаад байгаа юм бол?

-Аливаа барилгыг нэг өдөр нь төсөв батлаад нөгөө өдөр нь барьчихдаггүй. 2020 оны төсөвт байгаа олон их наяд төгрөгийн төсөв бол 2018, 2019 оны төсвийн үргэлжлэлүүд. Тэгэхээр Ерөнхийлөгч хориг тавихдаа 2020 ондоо эхлээд 2020 ондоо дуусах цэцэрлэг, соёлын төв зэрэг жижиг төслүүдэд хориг тавиагүй. Мөн 2017, 2018, 2019 онд эхэлсэн ажлуудыг дуусгахад огт хориг тавиагүй. Нэгэнт эхэлсэн ажлыг дуусгах нь зөв гэсэн чиглэлтэй байгаа. Харин сонгуулийн жил болох 2020 онд дөнгөн данган эхлүүлээд он удаан жил үргэлжлэх төслүүдийг болохгүй гэж үзсэн. Байгалийн түүхийн музейн барилгыг гэхэд 94 тэрбум төгрөгөөр төлөвлөчхөөд 26 тэрбум төгрөг л тавьж байгаа. Тэртэй тэргүй дараа жилийн сонгуулиар УИХ шинэчлэгдэнэ. Шинэ Их хурал өөрөө олон жил үргэлжлэх том барилгуудаа барих боломжтой гэж үзсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
даш(139.5.216.101) 2019 оны 12 сарын 11

маш их баярлалаа.

0  |  0
Top