Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Засгийн газраас орон даяар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Засгийн газрын шийдвэрийг аймаг, орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгуудын Онцгой комисс хуралдаж олон нийтийн арга хэмжээг бүрэн хориглосон ба зарим аймгууд баар, караоке, шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг хориглоод байна. Мөн цахим тоглоомын газар, мөсөн гулгуур, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг зарим аймгийн удирдлагууд гаргажээ.
Томуу өвчний халдвартай холбоотойгоор хүүхдээ харж буй эцэг, эх асран хамгаалагчид нь цалинтай чөлөө олгох, ажлын цагийг нь багасгах шийдвэрийг зарим аймгийн Засаг дарга гаргасан байна. Мөн аймгуудын Онцгой комиссын хуралдаанаас ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг боловсрол соёл, үйлчилгээний байгууллагуудад үүрэг өгөөд байгаа юм. Аймгуудад томуу өвчний халдвар багассан байна. Харин Архангай, Ховд аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн бол Өмнөговь, Хэнтий, Булган аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байна. Хэнтий аймаг 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчний оноштойгоор амиа алдсан бол Өмнөговь, Булганд сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулаад байгаа юм. Аймгууд коронавирусийн халдвартай холбоотойгоор ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл хүргэе.
БАЯНХОНГОР: РС БОЛОН ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДЫГ ХААЛАА
Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар, дэлхий нийтэд тархаж байгаа коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар аймгийн Онцгой комиссын Хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх шуурхай ажлын хэсэг энэ сарын 27-нд хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаас энэ сарын 27-ны өдрөөс шуурхай ажлын хэсгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тагнуулын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Чандмань-Баянхонгор” ХК зэрэг байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгч, ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллаж эхлээд байна. Дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны А/44, А/45 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг баар, караоке, ресторан, зоогийн болон цайны газруудын үйл ажиллагааг 23:00 цаг хүртэл, PC тоглоом болон цахим тоглоомын газрууд болон бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан нэгдүгээр 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
УВС: ӨРХ ТОЛГОЙЛСОН ААВ, 0-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖИЙН АЖЛЫН ЦАГИЙГ БАГАСГАЛАА
Увс аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө. Тодруулбал хорио цээрийн үе буюу гуравдугаар сарын 2 хүртэл, өрх толгойлсон аав болон 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагч ээжийн ажлын цагийг багасгах, эм, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалт нөхцөл байдлын талаарх албан ёсны үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл хаасантай холбогдуулан энэ хугацаанд оюутан сурагчдад сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллах үүрэг чиглэл өгсөн байна.
ХЭНТИЙ: АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Онцгой комисс хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Чингис хотод архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, PC тоглоомын газрууд, "Эвт" худалдааны төв, баар, ресторан, караоке, Хэрлэн сумын IV баг, Хэрлэн хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Учир нь өчигдөр Хэнтий аймагт 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан тул дээрх арга хэмжээг авчээ.
ДОРНОД: БАЯНХОШУУ, ХАВИРГА БООМТЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Дорнод аймаг нь БНХАУ-тай хоёр боомтоор харилцдаг бөгөөд коронавирусийн халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үзэж, Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус хүргүүлээд байгаа ажээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөлтэй уулзаж, Цагаан сарын баярын амралтаар нутаг буцсан Хятад ажилчид болон гуравдагч орны иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцсөн байна. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдах ч аймгийн Онцгой комиссоос газрын тосны тээврийн автомашинуудыг Баянхошуу хилийн боомтоор буцаж Монгол Улс руу орж ирэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна.
БАЯН-ӨЛГИЙ: ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Баян-Өлгий аймгийн Онцгой комисс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, сургалт, баяр ёслол, хурим, найр, уралдаан, тэмцээн, секц, дугуйлан зохион байгуулах, цахим тоглоом ажиллуулахыг хориглосон байна.
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах, Хилийн боомтын хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэл, зөвлөмж өгч ажиллах, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зэрэг асуудлуудыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
ДУНДГОВЬ: ШӨНИЙН КЛУБ, КАРАОКЕГ ХААХ ШИЙДВЭР ГАРГАВ
Дундговь аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хурлаар томуу, томуу төст өвчин болон коронавирусийн нөхцөл байдлын асуудлаар хуралдлаа.
Хуралдаанаар Засаг даргын албан даалгавар гаргасан байна. Албан даалгаврын хүрээнд Эрүүл мэндийн газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх, энэ сарын 2-ны өдрийг хүртэл урлаг соёл, спортын арга хэмжээ, хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээн, жагсаал, цуглаан, аялал, зугаалга зэрэг олон нийтийн арга хэмжээ болон дугуйлан, секц, компьютер тоглоомын газар, мөсөн гулгуур, фитнес, спорт заал, шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 5 хүртэлх хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох, өрх толгойлсон эцэг эх, асран хамгаалагч нарыг богиносгосон цагаар ажиллуулахыг ажил олгогч нарт зөвлөсөн байна.
ДАРХАН-УУЛ: БОЛОВСРОЛ, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, короновирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас комиссын гишүүдэд танилцууллаа.
Аймгийн Онцгой комиссын гишүүдийн саналыг үндэслэн аймгийн Засаг дарга албан даалгавар гаргалаа. Аймаг, сумын хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа уралдаан тэмцээн, урлаг соёлын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ явуулахгүй байх, эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үйлчилгээ, бэлэн байдлыг хангах, саун, тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох, бүх шатны сургууль, дотуур байр, соёлын төв, театр, музей, номын сан, спортын заал танхимуудад ариутгал тогтмол хийхийг албан даалгаварт тусгажээ.
ӨМНӨГОВЬ: ЭМИЙН САНГУУДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ҮНЭ НЭМЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг өглөө. Урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хориглох, хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээнүүдийг хийхгүй байх, дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн гулгуур, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох, шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээнүүдийг хориглох, ААН, албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх үүрэг өгсөн байна.
Мөн эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх, Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх үүргийг өгөөд байгаа юм.
ОРХОН: РЕСТОРАН, КАРАОКЕ, БААРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчин хурдацтай тархаж байгаа тул халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан аймгийн ЗДТГ-аас уриалга хүргүүлсэн байна. Иргэд дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ онцын шаардлагагүй бол олон нийтийн газар, худалдааны төв, гудамж талбайгаар явуулахгүй байх, Гэр, орон сууц, ахуйн хүрээндээ хувийн ариун цэвэр сахиж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвших, зайлшгүй тохиолдолд олон нийтийн газраар явахдаа халдвар авахаас сэргийлж амны хаалт хэрэглэх, нус цэрээ хаяхгүй байх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг тогтмол хийхийг уриалсан байна. Мөн насанд хүрэгчид орой үдшийн цагаар ресторан, баар, караоке зэрэг нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхээс татгалзах, онцын шаардлагагүй тохиолдолд хот хооронд болон гадаад оронд ялангуяа өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )