АНУ-ын сонгуулийн сунгаа: Сандерс Нью-Хэмпширт ялалт байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

АНУ-ын Ардчилсан намаас тус улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааны ээлжит санал хураалт Нью-Хэмпшир мужид болж, сенатор Бэрни Сандерс ялалт байгууллаа.

Тэрбээр Нью-Хэмпширийн “ард түмэнд” талархал илэрхийлээд “Өнөөдөр Ерөнхийлөгч Доналд Трампын үеийн төгсгөл эхэлж байна” гэжээ.

Саут-Бэнд хотын захирагч асан Пит Буттежич удаалсан бөгөөд тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиар Сандерс Трампыг ялна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. “Миний замаас зайл” гэх зарчимтай бодлого Доналд Трампыг дахин сонгоход хүргэнэ гэж тэрбээр сүүлийн үед өөр рүү нь илт дайрах болсон сенаторт анхааруулжээ.

Сунгааны санал хураалтын дүнгээр тавд бичигдэж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден санал хураалтын дүнг хүлээлгүйгээр Нью-Хэмпшир мужаас явж, тэр даруйдаа энэ сарын 29-нд сунгааны дараагийн санал хураалт болох Өмнөд Каролина мужид хүрэлцэн ирж, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулсан байна. Тэрбээр энэ бол 50 мужийн дөнгөж хоёр мужийн дүн. Доналд Трампын засаглалыг зогсоох тэмцэл дөнгөж эхэлж байна гэж тэрбээр онцолжээ.

Сунгааны санал хураалтад Ардчилсан намын 280 орчим мянган сонгогч оролцжээ. Саналын хуудсын 95 хувийг тоолсон дүнгээс үзвэл, Сандерсын төлөө 26.1 хувь нь саналаа өгсөн бол Пимт Буттежич 24.3 хувийн саналаар удаалжээ. Сенатор Эми Клобушар 19.9 хувь, Элизабет Уоррен 9.4 хувийн санал авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top