БНАСАУ өнөөдөр (2020.03.21) богино зайн тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. БНСУ дэлхий дахин КОВИД-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ үед пуужин харвасан нь дэндүү зохисгүй үйлдэл гэж буруутгаад, пуужин харвахаа даруй зогсоохыг шаарджээ. Японы батлан хамгаалах яам Хойд Солонгос пуужин харвасныг мөн баталжээ.
Хойд Солонгост коронавирусний халдварын тохиолдол илэрсэн тухай өнөөг хүртэл мэдээлээгүй. Гэхдээ барууны хэвлэлүүд энэ тусгаарлагдсан үндэстэнд коронавирусний халдвар хүрсэн гэж таамаглаж байгаа бол мэргэжилтнүүд эрүүл мэндийн тогтолцоо сул, хоол тэжээлийн хомстолд орсон энэ улсад халдвар тархвал тус улсыг сүйрүүлэх болно гэж анхааруулж байна. Пуужин харвахаас өмнө Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) тус улсын Ардын дээд хурал ирэх сарын 10-нд чуулна гэж мэдээлжээ. Энэ арга хэмжээнд 700 орчим төлөөлөгч оролцох аж. Тус улс ийм том арга хэмжээг зохион байгуулна гэдэг нь коронавирус тус улсад нэвтрээгүйг илтгэж байна. Эс бөгөөд ийм эрсдэлтэй алхам хийхгүй гэж шинжээчид үзэж байна.
Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай илтгэгч Томас Охеа Кинтана энэ сарын эхээр Пёньянд гаднын эрүүл мэндийн шинжээчдийг болон хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийг уриалсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост коронавирусний цар тахалтай тэмцэхэд нь хориг арга хэмжээг үл харгалзан хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )