Зөвхөн жуулчдад тусдаг 5 сэтгэцийн өвчин

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Гэртээ сууж чадахгүй, гадаад орноор аялж, адал явдалтай учрахыг хүсдэг хүн цөөнгүй. Тэгвэл тэдэнд юу тохиолдож болох вэ? Хөгжилтэй сайхан явдлаас гадна сэтгэцийн өвчин хүлээж байдаг гэдгийг бүү мартаарай.

1. Парисын синдром

Парисын талаар төсөөллөө хэлээч гэвэл хэн бүхний толгойд Эйфелийн цамхаг, жижигхэн хөөрхөн кафе, ганган франц бүсгүйчүүд орж ирэх нь лавтай. Жуулчид ч яг ийм бодолтой Францын нийслэлийг зорьдог ч бодит байдал огт өөр байдаг. Парисын синдром аль ч орны жуулчинд тусах ч соёлын хэт ялгаанаас болоод япончууд хамгийн их өртдөг. Эелдэг зан, мэндлэх хүндлэх ёс сайтай Наран орны иргэд хэт сайхан юм бодож энд ирээд хулгай, залилан, дээрэмтэй тулгараад сэтгэц нь дийлдэггүй. Энэ өвчнийг туссан хүн маш их харуусал мэдэрч, сэтгэл зүрх хоосорсон мэт санагдан, бухимдан, дотор муухай оргиж, хий юм харж эхэлдэг.

2. Иерусалимийн синдром

Иерусалимийн синдром ямар шашин шүтлэгтэйгээс үл хамааран ирсэн бүх жуулчинд тусах магадлалтай. Гэгээн ариун газраар зугаалах тусам та өөрийгөө Библийн баатар мэт төсөөлж эхэлнэ. Тэгээд хүмүүсийн анхаарлыг татах гэж оролдон, шашны номоос эшлэл хашхирч, зарим үед өөрийгөө, хэн нэгнийг гэмтээдэг. Хэдэн долоо хоногийн дараа эдгэрэх ба эсвэл хотоос гарсны дараа хуучин хэвдээ буцан орно. Энэ синдром туссан хүн үргэлж догдлон, хамт олон, гэр бүлээсээ салж, ганцаараа аялахыг хүсдэг. Мөн хэт цэвэрч болж, байн байн усанд орон, үргэлж хөл, гарынхаа хумсыг авдаг төдийгүй цагаан хувцас өмсөх хүсэлтэй болдог. Зарим нь зочид буудлын цагаан даавууг нөмрөөд гараад явсан тохиолдол бий.

3. Стендалийн синдром

Энэ өвчин таныг ертөнцийн аль ч өнцөгт хүлээж байж болзошгүй. Амьтны хүрээлэн, музей, үзэсгэлэнд ямар нэг алдартан, эсвэл жирийн ч маш царайлаг, үзэсгэлэнтэй хүнтэй таарахад синдром хөдөлнө. Гоо сайхны хэт их мэдрэмж төрж, зүрх сэтгэл тань баярлан бялхаж, шууд хэлэхэд солиорно. Энэ өвчин ихэнхдээ Флоренцийн музейд тохиолддог. Гэхдээ Хойд Америк, Азийн жуулчид соёлын ялгаанаас болоод Стендалийн синдром тусах магадлал бага. Мөн дэлхийн соёлын өв дунд амьдарч дассан италичууд тусдаггүй.

4. Зугтах хэнээрхэл

Дараагийн удаад хэзээ аялахаа өөрсдөө ч мэддэггүй жуулчид байдаг. Бүх юм тэдний сэтгэл санааны байдлаас шалтгаална. Энэ өвчин бол хүн орон гэрээ орхин, хаашаа ч хамаагүй явмаар санагддаг өвчин юм. Ингэж аялсан хүн буруугаа удахгүй ойлгоод гэртээ харьдаг. Харин хүнд хэлбэрээр туссан бол ядарч цуцаж, унатлаа явдаг.

5. Соёлын шок

Анх удаа гадаад аялсан хүн тусна. Шинэ газар орон, ёс заншлыг харж, шокт орсон хүн гадаад ертөнцөөс нуугдаж, гэрээс гарахгүй болдог.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 31

eryyl bish hymyys l iim um tusaj iim boldog baihdaa, eryyl hymyys hezeech iim archaagui umnii shokond orohgui

0  |  0
Top