Шинэ төрлийн коронавирусний цар тахал усны хагалбар адил нэгэн эриний төгсгөл, шинэ эриний эхлэлийг тавьсан түүхэн үе мөч болж хувирч байна. КОВИД-19 халдварын улмаас дэлхий эрс өөрчлөлтийн босгонд тулж ирэв. Өнөөдөр үнэмшилтэй мэт санагдаж буй таамаглалуудыг хэдэн сарын дараа эргэн харах шаардлага гарахыг үгүйсгэхийн аргагүй болов. Бүх зүйл нийгэм, эдийн засгийн цочрол хэр хүчтэй байх, дэлхийн дэг тогтолцоо хэр их уян хатан байхаас шалтгаалах болно.
Хэдийгээр одоогоор баттай таамаглахад хэтэрхий эрт байгаа ч шинжээчид дараах өөрчлөлтийн талаар гурван хувилбарыг дэвшүүлж байна. Өөдрөгөөр авч үзвэл өнөөгийн дэлхийн дэг тогтолцоо, санхүүгийн хэрэгслүүдийг дайчлан даван туулах боломжтой эдийн засгийн зөөлөн хямрал. Илүү бодитой, шинжээчдийн үзэж буйгаар муу хувилбар нь өнөөгийн нөөц бололцоо, дэлхийн эмзэг тогтолцоог ашиглан даван туулах боломжтой ч асар их нөхөн сэргээлт шаардсан эдийн засгийн ноцтой хохирол. Гурав дахь хамгийн муу хувилбар бол дэлхийн олон улс оронд нийгэм, улс төрийн тогтворгүй байдал үүсгэсэн, дэлхийн дэг тогтолцоо, харилцаа холбоог үндсээр нь шинэчлэх асар их өөрчлөлт дагуулсан эдийн засгийн сүйрэл. Цар тахлыг хазаарласны дараа бид тэс өөр дэлхий ертөнцөд амьдрах болно гэж байнга давтагдаж буй мэдэгдэл Хятадын бэлэг тэмдэг болсон Бүс ба Зам санаачилгад мөн хамаарна. Сонирхолтой нь цар тахал Бүс ба Замд нөлөөлөхгүй байхын аргагүй дэлхийн харилцан хамаарлын эрсдэл, сул талыг илчиллээ. КОВИД-19 цар тахлын үр нөлөөг нарийвчлан тогтооход цаг хугацаа шаардагдана. Эхний хувилбар тэнгэрийн умдаг мэт санагдах авч гурав дахь хувилбарыг бүхэлд нь ойлгоход ч боломжгүй тул одоогоор хоёр дахь хувилбарын талаар хэд хэдэн таамгийг шинжээчид дэвшүүлжээ. Энэ тохиолдолд Бүс ба Замын талаар хэд хэдэн асуулт гарч ирэх нь гарцаагүй.
Хэн тооцоо хийх вэ
Хоёр дахь буюу муу хувилбар ёсоор Бүс ба Замд учрах нэг хүндрэл бол санхүүжилтийн хомстол. Өнөөг хүртэл БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний нэрийн хуудас болсон энэ санаачилгыг цар тахал дэгдэхээс өмнө эдийн засгийн өсөлт нь буурч байсан Хятад улс түүчээлэн авч явж байв. Уханьд халдвар дэгдсэнээс хойш гурван сарын дараа тус улс сэхээ орсон ч шинжээчид Хятадын V хэлбэрийн сэргэлтийн талаарх урьдчилсан таамагт эргэлзсэн хэвээр. Цар тахал АНУ, Европыг хамарсан нь Хятадын экспортод хүчтэй цохилт өгөх болно. Бээжинд дотооддоо эдийн засгаа эрчимжүүлэх нөөц бололцоо хомс. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын хотуудад ажилгүйдлийн түвшин 6.2 хувьд хүрсэн бөгөөд бодит байдал дээр үүнээс ч өндөр байх талтай гэж шинжээчид таамаглаж байна. Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорионы улмаас Хятадын хотууд таван сая ажлын байраа алдсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд энэ тоо есөн саяд хүрэх магадлалтай. Тиймээс Бээжингийн энэ тэргүүний зорилт ажилгүйдлийн түвшинг буруулах явдал болоод байна. Үүнтэй зэрэгцэн Хятад улс энэ онд ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо хойш тавихаас өөр аргагүйд хүрч болзошгүй. Дээр нь нийгмийн тогтвортой байдлыг хангахад асар их хөрөнгө шаардагдана.
Хятад мөнгөө татах уу
Цар тахал Бүс ба Зам дагуух бүх улс орнуудыг хүнд байдалд оруулж байна. Еврази, Африкийн дэд бүтцийн эрэлт нэмэгдэж буй ч улам бүр хязгаарлагдаж буй эх үүсвэр үгүй болох эрсдэлтэй. Тухайлбал, Хятадын аль ч цаг үеийн түнш бөгөөд Бүс ба Замын мега төслийг хүлээн авсан Пакистан гэхэд Азийн хөгжлийн банкны тооцоолсноор 8.2 тэрбум ам.долларын хохирол амсах бол Бангладеш гурван тэрбум ам.доллар алдана гэж таамаглаж байна. Энэ жил эдийн засгийн өсөлтийг 2.8 хувьд хүргэх зорилт тавьсан Тайланд энэ зорилтоосоо ухраад зогсохгүй, өдгөө бүр эдийн засгийн уналтад бэлтгээд эхэлчихлээ. Африк ч мөн адил хүндхэн байдалд ороод байна. Учир нь тус тивийн байгалийн баялгийн хамгийн том зах зээл, аж үйлдвэрийн болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь Хятад улс. Африкийн улс орнуудад цар тахал тархаж, эрүүл мэнд салбар, эдийн засгийн ноцтой хямралд хүргэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Ирэх жилүүдэд биш юм гэхэд ирэх саруудад Бүс ба Зам дагуу хэрэгжиж буй төслүүд царцах, тодорхойгүй байдал үүсэх, дампуурал нүүрлэж болзошгүй болжээ. Тиймээс Бүс ба Замын төслүүдийг хэрэгжүүлж буй Хятадын компаниуд Хятадын Хөгжлийн банкны баг хүүтэй зээлд найдахаас өөр аргагүйд хүрнэ.
Шоу үргэлжлэх ёстой
Саяхан нийтлэгдэж байсан онолоос үзвэл Бүс ба Замын хоёр гол салаа мөчир болох газрын Торгоны замын эдийн засгийн бүс болон далайн Торгоны зам нь Ши Жиньпиний баримталж буй гол арван зорилтын найм, есдүгээрт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдалд Бээжингийн хувьд Бүс ба Зам нь улс төр, нийгмийн тогтвортой байдлаас тийм ч чухал биш. Гэхдээ энэ нь Бүс ба Зам санаачилгын төгсгөл гэсэн үг огт биш, зүгээр л хэтрүүлэг юм. Бүс ба Зам бол Хятад дэлхийн тэргүүлэх их гүрэн болж гарч ирэхийн бэлэг тэмдэг төдийгүй Ши Жиньпинээс үлдэх өв. Бээжингийн хувьд КОВИД-19 цар тахал Бүс ба Замд үзүүлэх нөлөө нь түр хугацааных гэж мэдэгдэж буй. Энэхүү санаачилга нь зөөлөн бодлогын хүрээнд Эрүүл мэндийн торгоны замаар баяжих нь дамжиггүй. Гэхдээ богино хугацаанд Бүс ба Зам хүндрэлтэй нүүр туулна. Тухайлбал, 2020 оны зун Бүс ба Замын хэд хэдэн төсөл “ичээнд” орж болзошгүй байна. Одоогоор, Шри Ланк, Бангладеш, Индонез, Балба болон бусад улс орнуудад томоохон дэд бүтцийн төслүүд яст мэлхийн хурдаар хэрэгжиж байгаа ба Бүс ба Зам коронавирусний дэгдэлтийн улмаас саатсаныг богино хугацааны үзэгдэл гэж ойлгох учиртай.
Шинэ Бүс ба Зам
Дунд хугацаанд Бүс ба замын төслүүд дахин сэргэнэ. Гэхдээ энэ нь өөр төрхтэй шинэ Бүс ба Зам байх болох болов уу. Хятадын эрх баригчид дэд бүтцийн төсөл, хоёр талын гэрээний цуглуулга болоод буй Бүс ба Замыг дахин тодорхойлох учиртай. Энэхүү санаачилгыг анх зарласнаас хойш долоо жил өнгөрсөн ч Бүс ба Замын үзэл баримтлалын хүрээ, олон улсын стандарт болон санаачилгыг хэрэгжүүлэх тодорхой стратеги үгүйлэгдсэн хэвээр байна. Энэ бол Бүс ба Зам маргаан дагуулж, олон улс оронд дэмжигдэхгүй байгаа шалтгаануудын нэг юм. Хятадын төрийн тэргүүн өөрийн агуу санаачилгыг Хятадын эдийн засгийн өсөлт найм орчим хувь байх үед буюу 2013 оны есдүгээр сард гаргаж тавьсан. Эхэн үед энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд найман их наяд ам.доллар шаардагдана гэж тооцоолж байсан бол хожим нь дөрвөн их наяд ам.доллар болж буурсан.
2018 оны гуравдугаар сард Морган Стэнли Банк Хятад улс 2027 он гэхэд Бүс ба Зам дагуу 1.2-1.3 их наяд ам.доллар зарцуулна гэж тооцоолсон бол Дэлхийн банк 2019 он гэхэд Бүс ба Замын нийт зардал 545 тэрбум ам.доллар байсан гэж тооцоолжээ. Өнгөрсөн хугацаанд Хятад улсын Бүс ба Зам санаачилгын хүрээнд зарцуулсан хөрөнгөний гурваны хоёр хувь буюу нь эрчим хүч /50 тэрбум ам.доллар/, тээврийн салбарт /15 тэрбум ам.доллар/ чиглэжээ. Дотоодын улс төр болон санхүүгийн хүндрэлээс үүдэн Хятад Бүс ба Замын түншүүддээ зээлээр бороо оруулах боломж нь хумигдаж байна. Тиймээс Хятадын банкнууд зээл олгох төслүүдийг сонгохдоо илүү болгоомжтой хандах нь дамжиггүй. Одооноос эхэлж барьж болох бүхнийг барина гэсэн Хятадын хандлага өөрчлөгдөж, Бүс ба Замын шинэ төслүүдийг стратегийн ач холбогдлыг харгалзан сонгох талтай. Бээжин эдийн засгийн коридор, ложистикийн бүс, санхүүгийн төвөөс бүрдсэн дэлхийн сүлжээг бий болгоход хөрөнгө оруулж байгаа. Ингэхдээ далайн боомт, түүний ойр орчимд түлхүү ач холбогдол өгч буй. Энэ чиг хандлагыг Египетийн Суэцийн сувгийн эдийн засгийн бүс болон Шри Ланкын Коломбо боомт хот гэрчилнэ. Үүнийг батлахаар Хятад, Оманы аж үйлдвэрийн хот мөн удахгүй сүндэрлэх юм.
Дотооддоо санхүүжилтийн асуудалд ороод буй Хятадын нарны зай үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд гарах туйлын хүсэлтэй байгаа тул эрчим хүчний салбар хөрөнгө оруулалтын гол салбар хэвээр байна. Үүний сацуу цар тахал, гамшгийн менежмент, нийгмийн эрүүл мэндийн салбарын өндөр технологи, зайны мэс засал хөгжихийн хэрээр 5G сүлжээ зэрэг илүү ухаалаг салбарт төслүүдийг чиглүүлнэ. Түүнчлэн Хятад улс Бүс ба Зам санаачилгаа олон улсын харилцааны улам бүр чухал болж буй талбар болох зөөлөн хүчний бодлогодоо ашиглах нь дамжиггүй. Бүс ба Замын геополитикийн орон зайд хүмүүнлэгийн болон энхийг тогтоох ажиллагаа нэрийн дор Хятадын цэрэг орж ирэх нь ч тодорхой. Шинэ дүр төрхтэй Бүс ба Зам дэлхийг бүхэлд нь хамрах шаардлагагүй. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал АНУ-ын засаг захиргааны чадамж, чадварт итгэх итгэлийг сулруулж, Европын холбоог сандаргаж буй нь бодит үнэн. Гэхдээ дэлхийн тэргүүлэгч гүрэн болох имижээ өсгөх Хятадын хүчин чармайлт үр дүнгээ өгөх нь тодорхойгүй л байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сонирхолтой