Төв Ази дахь Хятадын төсөл: Нэг бүс, олон зам

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

 

Төв Азид Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга, хөрөнгө оруулалтад ихээхэн найдвар тавьж байсан. Харин энэ төсөл итгэл найдварыг дааж чадах уу


Хятадын “Бүс ба Зам” мега төсөл буюу “Шинэ торгоны зам” гэж нэрлэгдээд буй Хятад улсыг Европтой холбох тээврийн коридорыг  энэ зургаадугаар сар аз ивээжээ. Энэ сарын 5-нд анхны ачааны галт тэрэг Хятад улсаас Ташкент руу шинэ төмөр замаар хөдлөв. Төмөр замын энэ салааг Казахстаныг тойруулан тавьсан бөгөөд нэг онцлогтой. Ачааны галт тэрэг Ташкент хүрэх замдаа Шинжааны нутаг дэвсгэрт барааг буулган ачааны тэрэгт ачиж, Киргизийн Ош хот хүртэл тээвэрлэж, тэндээс дахин төмөр замаар Ташкент хүрэх маршруттай. Энэ сарын 7-нд Узбекистаны Фергана мужид зам засварын томоохон хэмжээний хөтөлбөр эхэлж буй тухай зарласан бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засварт нийт 20 мянган км зам орж буй тухай мэдээлэв. Энэ хөтөлбөр нь Хятадын “Бүс ба Зам” төсөлтэй шууд холбоотой юм.

Цар тахлын дараах Хятадын бүс

Аль өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев БНХАУ-ын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авсан. Фергана мужийн замын тогтолцоог шуурхай цэгцлэх асуудал зочдын сонирхлыг ихээхэн татжээ. Гэтэл тэр үед дэлхий дахинд цар тахлын аюултай нүүр тулсан. Харин өдгөө цар тахлын тархалтын хурд, хүч саарсан тул Узбекистаны төрийн тэргүүн Фергана муж руу бизнес хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөө гурван сарын томилолтоор даруй илгээсэн байна. Бүрэн эрхт төлөөлөгч Хятадын төслийн явцын талаар тогтмол тайлагнах үүрэг хүлээсэн гэж Хямралыг судлах төвийн шинжээч Наталья Харитонова ярьжээ. Ингэснээр Ташкент Төв Азийн бүс нутагт Бээжингийн төлөвлөгөөний төвд орж, Казахстан мэт томоохон тоглогчийн үүрэг Хятадын төсөлд бүдгэрэх үү?

Казахстан Хятадын санаачилга хэдий олон давуу талтай ч эдийн засгийн хямралаас гаргах шидэт жор биш гэдгийг аажмаар ухаарч байна гэж Алматыгийн улс төр судлаач Петр Своик онцолжээ. Төслийн хүрээнд Казахстан даяар өмнөдөөс баруун руу чиглэсэн зам баригдаж байна. Гайхалтай сайхан зам ч, ачаалал үгүй. Эдгээр зам эдийн засагт тийм ч их нөлөө үзүүлэхгүй байна. Тиймээс олон нийтийн энэ төслөөс хүлээсэн хүлээлт буурч байна гэж судлаач үзэж байна.

Казахстаны 100 алхам

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын 2015 онд дэвшүүлсэн хямралын эсрэг “100 алхам” төлөвлөгөөнд Хятадтай холбоотой арав гаруй заалт байсан бол саяхан Казахстаны Засгийн газрын баталсан эдийн засгийн өсөлтийг сэргээх төлөвлөгөөнд БНХАУ-ыг ганц ч дурдсангүй. Казахстаны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд Хятад улс мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж Петр Своик үзэхгүй байна. Гайхалтай сайхан хоёр, гурван зам болон төмөр зам баригдсан ч гэсэн дорвитой үр дүн гарахгүй гэжээ. 2015 онд “Бүс ба Зам”-ын үзэл санаа одоог бодвол илүү шинэлэг байсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ санаачилгыг дэвшүүлээд хоёрхон жил л өнгөрч байв. Төв Азид Хятадын ачаа, барааг Европ болон Өмнөд Азид хүргэх харилцан бие биенээ нөхөх төмөр замын транзит салааг газар нутгаараа тавих үүрэг ногдсон. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгаар дайран өнгөрөх транзит тээвэр нь бүтцийн хувьд Казахстан, ОХУ-аар дамжин Европт хүрэх хойд зам, Афганистан, Иран, Пакистанаар дамжин Персийн буланд хүрэх төв зам гэж хуваагддаг. Хятадын геополитикийн нөлөөг ихээхэн өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү санаачилгыг урагшлуулахын тулд Бээжин 2013 онд гэхэд нэг их наяд орчим ам.доллар гаргасан. Гэвч дэлхий дахинд нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр БНХАУ-ын ихэнх худалдааны түншүүдтэй харилцах харилцаа нь ч өөрчлөгдсөн.

Хятадын Европт хүрэх замд болон АНУ-ын хориг

Бээжинд Европт хүрэхийн тулд далайн замтай энэ зэрэгцэх зам хэрэгтэй. Энэ санаа Хятад, Нэгдсэн Улсын түншлэл бат бөх санагдаж байсан тэр үед цэцэглэж байв. Харин АНУ-тай эдийн засгийн гүн сөргөлдөөнд орсон өнөөгийн нөхцөлд БНХАУ-ын эрх баригчид ийм экспортод, ялангуяа Европ руу чиглэсэн экспортод дэнчин тавих шаардлагатай эсэхэд ихээхэн эргэлзэх нь дамжиггүй гэж шинжээчид таамаглажээ. ОХУ, Европын хамтарсан “Умард урсгал-2” төслийг АНУ хориг арга хэмжээгээр хэрхэн шахаж буйг ажиглангаа Бээжин дүгнэлт хийж буй нь тодорхой. Европ хэрхэх нь тийм ч тодорхой бус. АНУ-ас том сургамж авсан Бээжин дотоодын болон хөрш орнуудын зах зээлийг хөгжүүлэхэд бооцоо тавих нь найдвартай болохыг ойлгож байгаа. Үүнийг Казахстанд мэдэрсэн тул Хятадын санаачилгад хандах сэтгэлийн хөөрөл аажим дарагдсан гэж шинжээчид дүгнэж байна.

Энэ нь Узбекистанд ашигтай юу? Өдгөө Европоос илүү Өмнөд Ази, Газар дундын тэнгис Хятадын бүсийн хувьд илүү ач холбогдолтой болж хувирчээ. Энэ гинжин холбоонд Узбекистан илүү чухал зорилго болоод буй. Харин энэ гинжин холбоон дахь дараагийн улс бол Афганистан. Гэвч тэнд төслийг тогтвортой үргэлжлүүлэхэд бэрх. Шинжээчдийн хэлснээр, АНУ үүнийг зөвшөөрөхгүй гэдэг нь Цагаан ордны илтгэлээс харагдана. Илтгэлд Хятадын төслийн талаар маш олон сөрөг зүйл дурдагдахын сацуу АНУ Афганистан дахь хамгийн нөлөө бүхий, хүчтэй тоглогч гэж онцолсон байдаг.

Хятадын төслийн афган хүчин зүйл

Кабултай харилцахдаа Бээжин өөрийн санаачилгаа хэрэгжүүлэх замыг уйгагүй зассаар. Афганистанд суугаа БНХАУ-ын Элчин сайд Афганистаны шинээр томилогдсон Гадаад хэргийн сайдтай анх уулзахдаа л “Бүс ба Зам” төсөл нь Афганистаны хөгжилд хувь нэмэр оруулна гэж итгүүлсэн. Энд газар зүйн болон бусад хүчин зүйлсийн үрээр Узбекистан гол орон зайг эзэлж буй. Учир нь Кабул, Ташкент хоёр Узбекистаны хилээс Иран хүртэл төмөр зам барих хэлэлцээр байгуулсан. Узбекистаны үүрэг энэ бүс нутагт өсөн нэмэгдэж буйг бас нэг баримт батална. Саяхан Герман Төв Азийн бүс нутгийн бүх улс оронтой хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ бүс нутгаас зөвхөн Узбекистан улс энд ороогүй. Ингэснээр Берлин Хятадын эдийн засгийн тэлэлтийн төслийг хаана илүү идэвхтэй урагшлуулж буйг харгалзан үзэж, цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдалд түүнтэй өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийг хичээх нь дамжиггүй гэж шинжээчид харж байна. Тэдний үзэж буйгаар, аж үйлдвэрийн томоохон өөрчлөлт хийлгүйгээр Узбекистаны эдийн засаг ганц дан “Бүс ба Зам” төслийн тусламжтай үсрэлт хийж чадахгүй. Ложистикийн дэд бүтэц дотоодын аж үйлдвэрийн хөгжилд үйлчилж байж өгөөжөө өгнө. Сайн замаар дугуйгаар ч явж болно. Гэхдээ мотоциклоор илүү хурдан гэж Хятадын үнэт цаасны зохицуулах хорооны шинжээч нэгэнтээ хэлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.106) 2020 оны 06 сарын 15

монголын казакууд тусгаар улс болоод монголын транзит тээврийг булаачихвал яанаа

0  |  0
Putler horchin(14.146.94.192) 2020 оны 06 сарын 15

kazakhstaniih hen tarhiig ni ugaagaad baigaa ni todorhoi shu de kkk, Putler.

0  |  0
Top