Мэргэжлийн сүмо бөхөд Монголын олон залуу хүч сорин өрсөлдөж байгаа. Тэдний нэг нь Өвөр Монголын Улаанхад хотын уугуул Энхтүвшин юм.
Өвөр Монголын анхны сүмоч Энхтүвшин 2003 оны Намрын тэмцээнээс сүмод зодоглож эхэлсэн түүхтэй. Сүмо барилдаж байгаагүй ч монгол хүний хүч чадал, хурдан шалмаг хөдөлгөөн, тэсвэр хатуужлынхаа ачаар 2010 онд дээд зиндаанд дэвшиж байлаа. Гэвч 2011 оны дөрөвдүгээр сард мэргэжлийн сүмо бөхөд найрааны хэрэг гарлаа. Сүмогийн холбооноос Соококүрайд найраанд оролцсон гэсэн ял тулгаж, зодог тайл гэсэн тушаал иржээ. Зодог тайлахгүй бол хөөнө, хөөгдвөл зодог тайлахдаа авдаг тэтгэлгийн мөнгө авахгүй гэсэн үг. Найраанд холбогдсон бөхчүүд гэм буруугүй байсан ч тэтгэлгийн мөнгөө авах гээд зодог тайлж байлаа. Харин монгол залуу Энхтүвшин тэгэхийг хүссэнгүй. Нэр төрөө заавал цэвэрлэнэ. Ингээд хоёр жил тэр шүүхээр Сүмогийн холбоотой заргалдсан билээ. Бүтэн хоёр жил цалингүй, хүнд хэцүү нөхцөлд харь оронд тэмцсэний эцэст 2013 онд ялалт байгуулж, дахин барилдах эрхтэй болсон юм. Хоёр жил барилдаагүй байсан ч Сококүрай дээд түвшинд гялалзтал барилдсаар саяхан зодог тайллаа. Гэхдээ тэр сүмогийн ертөнцөд үлдэнэ. Японы иргэншил авч, Арашио дэвжээг өвлөн, Өвөр Монголын анхны дэвжээ эзэмшсэн ояката болоод байна.
Ингээд Энхтүвшин Соокоүрай Японы “Спортиво” сэтгүүлийн сурвалжлагч Такеда Хазүкид өгсөн ярилцлагыг толилуулъя.
Сүмо бөх болохоор 2006 оны зургаадугаар сард Японд анх ирэхэд Арашио багш минь угтан авч, сүши ресторанд орууллаа. Тэр үед би 80 кг орчим жинтэй, сүмоч болохыг хүсэж байгаа гэхэд хэт туранхай хөвгүүн байв. Бөхчүүд чансаагаа дээшлүүлэхийн тулд жингээ нэмэхгүй бол болохгүй. Арашио багш намайг ирэнгүүт шууд загасны махаар дайлсан нь жингээ нэмэхийн тулд дуртай, дургүй ялгалгүй юу ч байсан ид гэж сургахыг хүссэнээс тэр биз ээ. Японд ирэх хүртлээ би түүхий загас идэж байсан удаагүй. Гэвч алтан жад загасны сүши идээд үзтэл үнэхээр амттай. Ар араас дараалан гарч ирэх сүшиг амтархан идэх намайг харсан багш маань “Энэ хүүхэд сүмогийн ертөнцөд хөл алдахгүй явах юм байна” гэж бодон тайвширсан гэдгээ хэдэн жилийн дараа хэлж билээ.
Өвөр Монголын хөдөө нутагт өссөн миний хувьд хүүхэд ахуй цагийн минь гол баяр бол Цагаан сар. Хээр талд байх манай гэрт хамаатан садан минь морь унан хүрч ирнэ. Бид ч гэсэн ахмад настнуудтай золгохоор айл хэснэ. Амттай сайхан хоол иддэг жилийн ганц үе минь. Үнэхээр сайхан, аз жаргалтай үе байж дээ. Би бага сургуульд элсэхдээ л спортын авьяастай хүүхэд байлаа. Монголын хөдөө төрж өссөн Ичиножёогийн нэгэн адил хөдөө гэрт байхад ундны ус зөөх нь ууган хүү миний ажил. Монгол хүүхдүүд морь унаж, мал хариулан, зүгээр суух цаг байдаггүй болохоор аяндаа бие хаа чангарч, булчин шөрмөс сууна.
Дунд ангид суралцаж байхад багш надад спорт хөөж, тамирчин болбол амжилтад хүрнэ шүү гэж зөвлөсөн тул сургуулиа төгсөөд хөдөө нутгаа орхиж, 1998 оны өвөл Хөх хотын Спортын тусгай сургуульд суралцахаар болсон юм. Тамирчин болно гэсэн ч яг ямар төрлөөр хичээллэхээ шийдээгүй. Бодож байгаад боксыг сонголоо. Боксын секц 30-40 хүнтэй, бүгд маш хурдан гүйдэг тул арай ядан гүйцнэ. Буруу төрөл сонгож гээд хэсэг эргэлзлээ. Яг энэ үед манай сургуульд үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Боксын ангиа төлөөлөөд ортол чөлөөт бөхийн ангийн гурван хүүхдийг дараалан ялж орхив. Чөлөөт бөхийн багш “Чи яахаараа бокс тоглодог билээ? Чөлөөт бөхөд орвол өөрт чинь л хэрэгтэй” гэж ятгалаа. Би угаасаа зодоонд дургүй. Ингээд бокс, чөлөөт бөхийн хоёр багш уулзан ярилцсаны үр дүнд би чөлөөт бөхийн ангид шилжлээ. Дотуур байрны гурван давхарт байх боксын өрөөнөөс хоёр давхрын чөлөөтийн өрөөнд орж байгаа юм. Хөнжлөө бариад ганц давхар л бууж байгаа хэрэг ч тэр үеийн дүр зургаа одоо болтол мартдаггүй юм. 2000 оны зургаадугаар сарын 28-ны энэ өдөр бол миний хувь заяаг өөрчилсөн өдөр байлаа.
Чөлөөт бөхөөр хичээллэн зүтгэсээр Хятадын аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд багтлаа. Гэтэл 2003 оны эхээр “Асашёорюү Монголын анхны ёкозүна боллоо” гэсэн мэдээ Өвөр Монголыг доргиолоо. Тэр үед би Японы сүмо бөхийн тухай анх сонссон юм. “Японы сүмо гэдэг чинь монгол үндэсний бөхөөс огт өөр юм байна” гэж бодож байснаа санаж байна.
Хэдэн сарын дараа Арашио ояката шинэ бөх хайн, Өвөр Монголд ирлээ. Мэдээж тэр үед би оякатагийн талаар юу ч мэдэхгүй. Арашио ояката Японы алдарт холимог тулаанч Ямамото Киддийн аав чөлөөт бөхийн дасгалжуулагч Ямамото Икүэйтэй сайн найз. Нэг удаа түүнд “Монголоос сүмо бөхийн ёкозүна гарчих юм даа” гэж хэлтэл Ямамото Икүэй “Монгол, монгол л гэх юм. Өвөр Монгол гэдэг газарт ч сайн хүүхэд олон бий” гэж зааж өгсөн юм билээ. Ингээд Арашио ояката Өвөр Монголоос шавь элсүүлэхээр манай сургуульд иржээ. Ояката чөлөөт бөх, жүдогийн ангийн хүүхдүүдийг хараад л яваад байлаа. Бие хаа сайтай гурван хүүхдийг сонгосон ч бүгд 23-24 настай байж таарав. Сүмод 23 нас хүрээгүй залуусыг элсүүлдэг тул тэд хасагдлаа. Харин манай чөлөөт бөхийн багш сүмод хүүхэд илгээх хүсэлтэй байсан бололтой. Багш дасгалжуулагч, дээд ангийн ах нар удаан ярилцсаны эцэст намайг сонгосон юм.
Үнэнийг хэлэхэд татгалзах ямар ч боломж байгаагүй. Эргэлзэн тээнэгэлзэх надад багш “Энхтүвшин, чи чөлөөт бөхөөрөө үргэлжлүүлэн хичээллээд амжилт гаргаж чадах ч ганц удаа сүмод өөрийгөө сориод үз л дээ. Нэг жил барилдаад болохгүй бол буцаад ир. Бид нар сургуулийн эрхийг чинь хасахгүй, хадгалъя” гэж хэлсэн юм. Чадахгүй байсан ч буцаад ирэхэд сургууль минь бэлэн. Үзээд алдъя гэж шийдээд зөвшөөрч байснаа одоо бодоход их л хөнгөмсөг байж дээ. Хөдөө гэрт минь утас байхгүй. Хөрш айлын өвөөгийнх рүү залгаад Япон явах болсноо хэлтэл аав “Сүмо? Юун сүмо” гээд их гайхаж байсан юм.
Япон явах бичиг баримтаа бүрдүүлээд явж байтал тэр үед дэлхий даяар SARS өвчний халдвар гарч, Хятадаас гарах аргагүй боллоо. Хурдхан сүмоч болохыг хүсэж байсан ч удааширсаар хоёр сарын дараа зургаадугаар сарын 28-нд Японы нутагт буусан юм. Тийм ээ, боксын багаас чөлөөт бөхөд шилжиж байсантай адилхан зургаадугаар сарын 28-нд.
Наритагийн нисэх буудал дээр буухад Арашио ояката, алдарт тулаанч Ямамото Кидд хоёр угтан авахаар ирсэн байсан. Японд “Өглөөний мэнд”, “Өдрийн мэнд”, “Оройн мэнд” гэсэн гуравхан япон үгтэй бууж байлаа. Маргааш өглөө нь босоод оякатад “Өдрийн мэнд” гэж андуурч хэлээд дооглуулж байснаа санаж байна.
Есдүгээр сарын Намрын тэмцээний өмнө шинэ бөхийн шалгалтад орж, Сококүрай гэдэг нэртэй боллоо. Цэнхэр, тэнгэр, ирсэн гэсэн утгатай гурван ханз. Ояката “Өвөр Монголын мөнх хөх тэнгэр, Хятадын өргөн уудам нутгийг бэлгэдсэн нэр” гэж надад хэлж байлаа. Ингээд сүмо бөх боллоо. Гэвч бэлтгэлээс илүү дэвжээн дэх амьдрал маш хүнд хэцүү байсан юм. Юуны өмнө япон хэл. Японы бага ангийн сурах бичиг хэрэглэн, үг цээжилнэ. Өдөр нь багшийн гэргийтэй, орой нь ойрхон амьдардаг тайвань хүнтэй хамт хэлний хичээл хийнэ. Хагас жил өнгөрсний дараа л хүмүүсийн хэлж байгааг ойлгодог болсон. Хоолонд дасах ч бас нэгэн асуудал. Өвөр Монголд өдөр бүр будаа иддэггүй. Харин сүмо дэвжээнд өглөө, өдөр, орой болгон цагаан будаа иднэ. Эхлээд будаандаа аарц түрхээд хоолойгоо давуулдаг байлаа. Тэр үед манай дэвжээнд надаас гадна ганцхан бөхтэй. Надаас нэг ах залуу. Ояката, багшийн гэргий, ах бөх гурав нийлж байгаад намайг сүмогийн амьдралд дасгах гэж хичээнэ. Нэг гэр бүл шиг ийм дэвжээнд орсон нь миний хувьд том аз болсон.
2003 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд би жонокүчи зиндаанд нэг ч уналгүй түрүүллээ. Сүмогийн мэх мэдэхгүй болохоор чөлөөт бөх барилдаад л ялаад байсан санагддаг юм. Гэвч ирэх оных нь нэгдүгээр сарын тэмцээнд мөрөө гэмтээгээд тэмцээнээс гарлаа. Дараагийн Хаврын тэмцээнд нь жониданд долоо давсан ч халз барилдаанд ялагдаж орхисон. Санданмэ зиндааг гурван башёд туулж, 2004 оны Кюшүюүд макүшитад дэвшиж байлаа. Нэг жил зарцуулсан ч хурдан дэвшсэн гэж би боддог.
Өвөр Монголын багш маань “Нэг жил хичээн зүтгээд чадахгүй бол эргээд ирсэн ч болно шүү” гэж хэлж байсан нь бодогдлоо. Багшийн энэ үгийг санан барилдаж, хичээн зүтгэсээр нэг жилд би макүшитад дэвшиж чадсан билээ. 2004 оны сүүлээр Өвөр Монголдоо харилаа. Гэхдээ гэртээ очиж амжаагүй л дээ. Сургуулийнхаа чөлөөт бөхийн дасгалжуулагч дээр очиж, мэндийг нь мэдэх бодолтой байв. Японы сүмод Монголоос гадна маш олон гадаад бөхчүүд хөлс, хүчээ шавхан, зүтгэж байгаа. Шантраад нутаг буцах юм бол бүгд “Чи ч сул дорой амьтан байж дээ” гэж хэлүүлнэ. Тийм болохоор ямар нэг амжилт үзүүлсэн хойноо л дахин нутагтаа харья гэж шийдээд байлаа. Ингээд чөлөөт бөхийн багш, эцэг эхдээ “Би сүмо бөхөөрөө барилдана” гэж хэлээд Японд буцан ирсэн юм. Тэр үед намайг Өвөр Монголоос буцаж ирэхгүй байх гэж Арашио ояката бодож байсан гэдэг.
Энэ үеэс миний жинхэнэ сүмо бөхийн амьдрал эхэлсэн гэж би боддог. Ямар ч спорт өөрийн гэсэн үндэс суурьтай. Юуны өмнө сүмо бөхийн үндсэн дасгалуудыг сайн эзэмшихээс эхэлье гэж бодлоо. Макүшитагаас бууж, дахин дэвшиж явсаар бас нэгэн жил өнгөрлөө. Амжилт тааруухан байсны гол шалтгаан нь жин нэмж, таргалахгүй байсан явдал юм. Чөлөөт бөх барилдаж байхдаа жин хасаж, хоолоо удаан зажилж иддэг зуршилтай болсон байв. Харин сүмод хурдан идэж, түргэн уу гэсэн дүрэмтэй. Таван жил болоод дөнгөж 120 кг хүрч, 2009 онд 125 кг болсныхоо дараа л хүнд жинтэй өрсөлдөгчдөө ялж эхэлсэн юм. Тэр жилээ зургаан тэмцээнд бүгдэд нь амжилттай барилдаж, 2010 оны нэгдүгээр сард цолтой бөх боллоо.
Өвөр Монголын анхны цолтой бөх. Хятадаас гэвэл 36 жилийн дараах цолтой бөх болж байгаа юм. Арашио дэвжээний анхны цолтон. Ояката багш, дэвжээнийхэн минь бөөн баяр. Жюүрёод анх барилдахдаа ес давж, 2010 оны Хавар, Зун, Долоодугаар сарын тэмцээнүүдэд 50 хувийн амжилт үзүүлж, есдүгээр сард нь дээд зиндаанд дэвшлээ. Тэр үеэ эргэн санахад сүмо бөхийн амьдралын минь хамгийн сайхан үе байжээ. Ид 25-26 настай, ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үе.
Дээд зиндаанд ч амжилттай сайхан барилдаж байтал нэгэн үйл явдал болж, миний амьдрал орвонгоороо эргэсэн билээ. Үйл явдал гэдэг нь найрааны хэрэг. 2011 оны дөрөвдүгээр сард Сүмо бөхийн холбооноос надад найраа хийсэн тул зодог тайл гэсэн шаардлага хүргүүлсэн байлаа. Энэ амьдралдаа найраа хийж үзээгүй миний хувьд эцсээ хүртэл тэмцэж, нэр төрөө сэргээх хүсэлтэй байсан тул зодог тайлах өргөдөл бичиж өгөөгүй. Найраанд холбогдсон бөхчүүд ээлж дараалан зодог тайлж байхад ганцаараа зөрүүдлэн тэмцэх намайг Сүмогийн холбооноос энэ удаад хөөх шийдвэр гаргалаа. Жинхэнэ ид үедээ барилдаж байсан миний хувьд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү үе байлаа. Хөөгдөх шийтгэл хүлээсэн ч би оякатагийн зөвшөөрлөөр Арашио дэвжээндээ амьдарсаар байлаа. Гэвч холбоотой шүүхдэлцэж эхлэнгүүт намайг сүмогийн дэвжээнд байж болохгүй гэсэн шийдвэр гарсан юм. Багш байж болно гэсэн ч би “Шүүх дуустал дэвжээнээс өөр газар амьдарна” гэж хэлээд дэвжээгээ орхин явлаа.
Токиогоос холхон газар байр аваад долоо хоног болгон өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөнө. Шүүх хурал хоёр сард нэг удаа болдог тул хууль зүйн хичээл ч хийлээ. Хэдэн сарын дараа сэтгэл зүй бага зэрэг тайвширсны дараа би дахин дохёнд гарах өдрөө хүртэл бэлтгэл хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Ингээд “Hino Motors” компанийн регбийн багтай бэлтгэл хийж эхэллээ. Шүүх хурал хэзээ дуусах, дахин хэзээ барилдахаа ч мэдэхгүй хүн бэлтгэл хийнэ гэдэг маш хэцүү. Энэ үед Кокүгикан ордны дэргэд хэсэг хүмүүс “Сококүрайг барилдуул” гэсэн уриалгад гарын үсэг цуглуулж байгааг мэдсэн юм. Намайг дэмждэг 30-40 хүн “Сококүрайг дэмжих нийгэмлэг” байгуулсныг мэдээд их баярлаж билээ. Регбийн багийн тамирчидтай мөргөлдөх бэлтгэл хийж, хамтдаа кросс гүйн, хэдий өөр спорт ч гэсэн бэлтгэлээ хийсээр байв. Бэлтгэлийн талбайгаас Фүжисан уул харагдана. Өвөр Монголыг минь санагдуулсан сайхан байгальтай. Энд би сэтгэл зүрхний шархаа эдгэрч байгааг мэдэрсэн юм.
Намайг холбооноос хөөсөн нь буруу гэсэн шүүхийн шийдвэр 2013 оны гуравдугаар сард гарсан юм. Сүмогийн холбооноос надад долоодугаар сараас дахин барилдах зөвшөөрөл өглөө. Арашио дэвжээндээ очиж, хоёр жилийн дараа мавашигаа углаж үзлээ. Энэ хоёр жил би сүмогийн бэлтгэл хийгээгүй. Хөлөөс авхуулаад бүх биеийн булчин шөрмөс суларсан нь мэдэгдэж байв. “Хоёр жил бэлтгэл хийгээгүй Сококүрай санданмэ зиндааны бөхтэй ижил түвшинд байгаа” гэх үг сонсогдоно. Дотроо “Ямар ч гэсэн цолоо алдалгүй барилдах юм шүү” гэж бодсон ч үнэн байдал өөр байлаа. Гурван тэмцээн дараалан 50 хувийн амжилт үзүүлэлгүй, 2014 оны нэгдүгээр сард жюүрёогийн хамгийн доод хэсэгт унаад байв. Гэвч дараагийн тэмцээнээс нь эхлэн, барилдааны мэдрэмж эргэн ирж, тавдугаар сард нь өөрийн хүчээр дээд зиндаанд дахин орж чадлаа.
Сүмо барилдаагүй энэ хоёр жил надад амьдралын маш том хичээл болж өгсөн. Хувь хүний хувьд олон зүйл сурч, маш олон дэмжигчтэй гэдгээ мэдсэн нь хамгийн том олз байлаа. Одоо би тэдний ачийг барилдаж хариулах цаг ирсэн гэж бодлоо. 2017 оны нэгдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд 12 давж, анх удаагаа уран барилдааны шагнал хүртлээ. Уран барилдааны шагнал бол сүмогийн тусгай шагналаас авахад хамгийн хэцүү нь. Тэр башёд Такаясү, Митакэүмиг ялсан. Ояката маань ч их баяртай.
Ингээд зодог тайлах цаг ирлээ. Арашио дэвжээ одоо жюүрёогийн Вакатакакагэ зэрэг олон бөхтэй болсон. Манай бэлтгэлийг үзэхээр гадаадын жуулчид их ирдэг. Нэр хүнд нь ч өсөж байна. Энэ нэгдүгээр сард би 36 нас хүрсэн. Арашио дэвжээний багш боллоо. Ирээдүйд Арашио ояката шигээ сайн багш болохыг хүсэж, чармайж байна даа.
Сэтгэгдэл ( 17 )
Японы шудрага шүүх,барилдах эрмэлзлэл хүүг дахин барилдахад нь тусалжээ.Энхтүшин ч мундаг юмаа. Өөрийнхөө буруугүй гэдгээ уйгагүй явсаны эцэст нотолж чадаж байна гэдэг бас нэг ялалт шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ.ОЛОН САЙН СУМОЧ ТӨРҮҮЛЭЭРЭЙ. ЧИ ЧАДНА.
болж дээ. манай эрлийз 76-н дэргэд жинхэнэ монгол байна даа.
Аргагүй Монгол эр хүн.Мундаг олон сайн шавь бэлдээрэй Амжилт хүсье
Монгол эр хүн ийм л байдаг даа.
Sain bna mundag zaluu zutgel zorgilogo temuuleltei daichin bna mongolin suld mine mandan badrag
Им Бас нэг Хужаа л байна
Амжилт хүсье
шудрага шүүхээ гэж
сайн байна, бас гүргэр эр юм, заргалдаад дийлнэ гэдэг япон орны хувьд хэцүү. Амжилт
Сайн шавьтай байх нь багш хүний бахархал Монголоос олон бөх төрүүлээрэй!!!.
Uils buhen chin delgereh boltugai
сайн байна
Sain bna\n\n\n
Гайхалтай! Тийм системтэй орны шүүхтэй тэмцэлдэнэ гэдэг эр зориг, ялна гэдэг бахархал.
Mundag.
ха ха жорж мэтийн халхистууд алах юм аа\n
Хятаддаа элэгтэй хүн юм