Zindaa.mn мэдээллийн сайт нь Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж байгаа. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII-XIV зууны үед холбогдох "Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл" үзмэрийг та бүхэндээ толилуулж байна.
Материал: Алт
Хэмжээ: Нарны дүрст алтан эдлэл 50.33 мм, Хавирган сар хэлбэртэй алтан эдлэл 41.54 мм
Холбогдох он цаг: XIII-XIV зуун "Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл" үзмэр Монгол нутагт олон мянган жилийн турш оршин амьдарч ирсэн нүүдэлчдийн дунд эрт цагаас байгаль дэлхий, тэнгэр огторгуй, нар сар шүтэх үзэл өргөн дэлгэр байжээ. Үүний баримт болсон эд өлгийн болон бичгийн сурвалжийн түүхэн мэдээ арвин баялаг. Хятадын Хан улсын үеийн түүхч Сыма-Цяний (НТӨ 145-86) “Түүхэн тэмдэглэл” зохиолд “Хүннүгийн Шаньюй ордноос гарч өглөө ургах наранд, орой саранд мөргөнө” хэмээн тэмдэглэн үлдээсэн нь өвөг монголчуудын наран саран шүтлэгийн хамгийн эртний бичгийн сурвалжийн мэдээ юм. Мөн үүнийг нотлох алт, хүрэл, төмөр, үйсээр хийсэн нар болон хавирган сарны дүрст эдлэлүүд Монгол нутагт малтан судлагдсан Хүннүгийн язгууртны булшнаас цөөнгүй олдсон байдаг.
Монголын эзэнт гүрний үед тэнгэр шүтлэг нь нийгэм, улс төрийн хүрээний хамгийн хүчирхэг үзэл санаа, шашны ухамсар болон хөгжсөн түүхтэй. Хориг уулын Монгол булшнаас олдсон энэхүү нимгэн хуудсан алтыг хавирган сар хэлбэрт оруулан хайчилж хийсэн эдлэл, нэг хурц өнцөгт нь хадаасны тав хадгалагдаж үлдсэн, нөгөө өнцөг нь нэг нүхний ортой, захын ирмэгийн дагуу энд тэнд бага зэрэг цуурч урагдсан гэмтэлтэй нар, сарны алтан дүрсүүд нь Монгол нутгаас олдсон Дундад эртний монголчуудын тэнгэр, нар, сарны шүтлэгийг илэрхийлэх анхны бодит олдвор тул судалгаа болон үзүүллэгийн маш өндөр ач холбогдолтой юм. Үүнээс гадна Хүннү болон Монголчуудын шүтлэг, зан үйлийн залгамж холбоог харуулж буйгаараа уг олдвор хосгүй үнэ цэнэтэй юм.
Уг олдворыг 2019 онд МҮМ-н Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайханы удирдсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг-2 дурсгалт газрын 13 болон 21 дүгээр булшнаас тус тус илрүүлэн олсон.
Ж.Баярсайхан /Түүхийн ухааны доктор/
Сэтгэгдэл ( 0 )