АНУ-ын “SpaceX” компани тус улсын сансрын хүчний хэрэгцээнд зориулан гурав дахь үеийн навигацын “GPS-3” хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ.
Пуужин тээвэрлэгч “Falcon 9” Флорида мужийн Канаверал хошуу дахь сансрын буудлаас орон нутгийн цагаар 16.10 цагт хөөрснөөс хойш нэг цаг гучин минутын дараа чиглүүлэгч хиймэл дагуул дэлхийн тойрог замд хүрчээ.
Энэ нь гурав дахь үеийн GPS навигацын хиймэл дагуулыг сансарт хөөргөж буй гурав дахь тохиолдол. “SpaceX” анхны навигацын хиймэл дагуулыг 2018 оны арванхоёрдугаар сард дэлхийн тойрог замд оруулж байжээ. Тухайн үед тус компани хиймэл дагуулыг АНУ-ын нисэх хүчний хэрэгцээнд зориулсан гэж мэдэгдэж байв. Гурав дахь үеийн анхны хиймэл дагуул нь өмнөх загваруудыг бодвол байршил, чиглэл, цаг хугацааны мэдээллийг гурав дахин илүү нарийвчлалтай дамжуулна гэж онцолж байжээ. Хоёр дахь хиймэл дагуулыг 2019 оны наймдугаар сард “United Launch Alliance” компани мөн л АНУ-ын нисэх хүчний хэрэгцээнд зориулж хөөргөж байсан байна.
Өдгөө АНУ-ын “GPS” системд нийт 31 хиймэл дагуул багтаж байна.
Сэтгэгдэл ( 0 )