Уншигч танд Манба Дацан Нэгдсэн эмнэлгээс өгч буй "НАМРЫН УЛИРАЛД АДУУНЫ МАХ ИДЭХ ТОХИРОМЖГҮЙ" хэмээх зөвлөгөөг хүргэж байна.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаа "Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг. Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн. Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод арвидаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог.
Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн. Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй"
Сэтгэгдэл ( 0 )