Илүү туурайтай ямаа ураны хордлого бус ургийн гажиг болохыг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулсан 63 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын баг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах энержи” компанид  шалгалт хийсэн байна. Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи” компани ураны ордыг түшиглэн уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг. Шалгалтын өмнө зарим иргэний зүгээс тус компанийн үйл ажиллагааны улмаас гажигтай мал төрөх болсон талаар мэдээлсэн билээ.

Ажлын баг өчигдөр шалгалтын дүнгээ танилцууллаа. Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Э.Нямдаваа “Цацрагийн хэмжээ тогтоох дэд ажлын баг “Бадрах энержи” компанийн хайгуулын болон туршилтын олборлолт хийсэн талбайд цацрагийн хэмжилт хийсэн. Дээж авч шинжилсэн. Улаанбадрах сум бол ураны агуулга, хэмжээ өндөртэй, ураны эрдэсжсэн давхарга бүхий газар тул Монгол орны бусад бүсээс агууламж өндөр гардаг. Судалгаа, шинжилгээний явцад хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл тогтоогдоогүй” хэмээсэн юм.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг, “Мэргэжлийн хяналтынхан орчны хөрс болон уснаас дээж авч шинжилгээ хийсэн. Хөрснөөс нийт 11 дээж авснаас зургаад нь ураны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарлаа. Усны хувьд малчдын унд, ахуйн зориулалттай 4-65 метрийн гүнтэй 16 худаг, нэг булгийн уснаас дээж авахад дөрвөн худагт уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их гэж гарсан.

Түүнчлэн Гүн Сухайт, Хонгорын ус, Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эргийн булгийн усыг удаан хугацаагаар ашиглавал хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. Иймд энэ худгийн усыг зайлшгүй цэвэршүүлж уухыг зөвлөж байна” гэв.

Ажлын баг хөрс, ургамлаас нийт 296 дээж авч, Улсын мал эмнэлгийн төв лаборатори, Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгийн лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид шинжилжээ. Улмаар хүн, малын эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөн зүйл тогтоогдоогүй байна.

Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын хэлтсийн дарга н.Жаргалсайхан “Хүний эрүүл мэндтэй холбоотой дэд хэсэг маань 198 хүнээс асуумж судалгаа авсан. Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик мэдээнд дүгнэлт хийсэн. Улаанбадрах сумын иргэдийн гол өвчилж буй таван өвчний тоо хэмжээ бусад сумдынхтай ойролцоо байгаа нь тогтоогдсон. Сүүлийн таван жилд Дорноговь аймагт эхийн эндэгдэл гараагүй. Нялхсын эндэгдэл 2015 онд 1000 амьд төрөлтөд 12.3 байсан бол 2019 онд 7.4 болж буурсан байна. Амьгүй төрөлтийн тоо 2015 онд гурав байсан бол 2019 онд тав болсон” гэсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.43) 2020 оны 10 сарын 06

Туруу. Салаа туруутан. Адууныхыг туурай. Улаанбадрахынхны мал биш хүнийг шинжлэх хэрэгтэй. Цус ойртолт гамшиг болсон газар.

0  |  0
туурай гэдэггүй(66.181.168.8) 2020 оны 10 сарын 06

туурай гэдэггүй, туруу гэдэг юм, монгол хэлээ мэдэхгүй сэтгүүлч минь

0  |  0
Top