Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний есөн сард 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөг буюу 17.2 хувиар буурлаа. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.1 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 62.4 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар өссөн байна.
Харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөг буюу 18.4 хувиар буурчээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2.6 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 316.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийт борлуулсан бүтээгдэхүүний 7.1 их наяд төгрөг буюу 56.3 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 5.9 их наяд төгрөг буюу 83 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.
Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 65.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 28.3 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 4.1 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 2.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )