Нэг дугуйг ил шатаахад 14 жил тамхи татсантай тэнцэх хорт утаа ялгаруулдаг

2020 оны 10 сарын 26


АНУ, Орос, Австрали, Япон, Солонгос, Тайвань, Хятад зэрэг оронд жилд үйлдвэрлэдэг хаягдал дугуйны тоо 200 гаруй сая байдаг аж. Хаягдал дугуй нь аливаа улс орны нийт хог хаягдлын 1.5-1.8 хувийг эзэлдэг байна.

Өндөр хөгжилтэй орнуудад хаягдал дугуй боловсруулах байгууламжууд бий. Европын орнуудад автомашины дугуйг хаях хогийн цэгийг 10 гаруй жилийн турш хоригложээ. Үүнтэй холбоотойгоор Орост автомашины дугуйг боловсруулах нь байгаль орчинд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Зарим газар хаягдал дугуйг боловсруулан эдийн засгийн хүндрэлээс гарах бодлого ч хэрэгжиж байна.

Хятадын Шандунь мужийн Дажанжуан сууринд л гэхэд 2018 оноос хаягдал дугуйгаар гар урлалын бүтээл хийж, ядуурлыг бууруулах арга хэмжээ авч эхэлжээ. Энэ хүрээнд ядуурлыг бууруулахад зориулсан цех, тусгай боловсруулах газар гэх мэтийг байгуулсан байна. Ийм замаар тариачид болон ядуу өрхөд нөлөөлж, хаягдал дугуйг боловсруулан амьтан, хүүхэлдэйн киноны баатар, робот гэх мэтийг хийх болжээ. Улмаар аялал жуулчлалын бүс, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайг тохижуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэнэ.

Синтетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийсэн дугуй нь 17 төрлийн хүнд метал (бром, зэс, мөнгөн ус гэх мэт), бензин болон олон төрлийн бодисуудыг агуулдаг. Түлшийг хэмнэх зорилгоор дугуй шатаах нь эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй. Тэгвэл хаягдал дугуйг шатаахгүй, эсвэл их хэмжээний мөнгө зарцуулж устгахгүйгээр орчноо тохижуулж, ядуурлыг бууруулах жишиг байна.

Тэгвэл манай улсын нийслэлийн хэмжээнд жилд 1.3 сая тонн хог хаягдал үүсэж, жил бүр нэг сая орчим дугуй хаягддаг. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын хажуу хөвөөгөөр том оврын тээврийн хэрэгслийн дугуйнууд хаа сайгүй хаягдал болон “хэвтдэг”. Жилд хаягдаж буй нэг сая гаруй дугуйгаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Монголд хог хаягдлыг дахин боловсруулах 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг
 


Монгол Улсад хог хаягдлыг дахин боловсруулах 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 10 гаруй гэнэ. Уг үйлдвэрүүд нь хуванцар, цаас, шил, металл, хаягдал дугуй, хаягдал тос, хаягдал ясыг дахин боловсруулж, импортыг орлох бүтээгдэхүүнээ Монголдоо үйлдвэрлэхээр хичээн зүтгэж байна. Албаны хүний өгсөн мэдээллээр энэ дахин боловсруулах үйл ажиллагаанд жилд 160 мянган тонн хог хаягдал боловсруулалтад орж, устгагддаг аж.

Нэг дугуйг ил шатаахад 14 жил тамхи татсантай тэнцэх хорт утаа уушги руу орно

Дугуйг ил задгай шатааснаар их хэмжээний бохирдол үүсдэг. Дугуй шатаахад мод шатааснаас 16 дахин их, нүүрс шатааснаас 13 мянга дахин их бохирдол үүсэж, нэг дугуйг шатааснаас болж үүсэх утаа таны биед болон таны ойр орчимд тараагдсанаас 14 жил тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт утааг уушги руу оруулдаг байна.
 


Хаягдал дугуйг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж буй “Инахис” ХХК-ийн захирал Н.Мөнхбаярын ярьснаар тус үйлдвэр 2019 онд 18 цэцэрлэг, 2020 онд 13 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг хаягдал дугуйг дахин боловсруулсан хавтангуудаа ашиглан хийжээ. Тэд 18 цэцэрлэг тохижуулахад 250 мянган дугуйг устгаж, 13 цэцэрлэг тохижуулахад 200 гаруй мянган дугуйг устгасан байна. Нийт 31 цэцэрлэг тохижуулахад 500 мянган дугуйг устгажээ. Байгалиа цэвэрлэж, дугуйн хаягдлыг устгаж, зөвхөн 18 цэцэрлэгийн талбайг тохижуулахад 9532 хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах сайхан орчныг бүрдүүлжээ.
 

Дээрх үйлдвэр нэг цагт 100-150 ширхэг дугуйг буталдаг аж. Хоногт 1000 гаруй дугуй, сард 30 мянга гаруй дугуйг буталдаг байна. Герман технологийг үйлдвэртээ нэвтрүүлсэн тэд нийт найман сая гаруй дугуйг байгальд ээлтэй аргаар устгаж, дахин боловсруулжээ. Хаягдал дугуйг шатааж, булж, ил задгай хаяж болохгүй. Ингэснээр хор уршиг маш их. Жишээлбэл, нэг дугуйг шатаахад 14 жил тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт утаа гардаг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top