Гурван  аймгийн 22 төсөлд ЖДҮ-ийн зээл  олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг орон нутагт олгож  буйг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Өмнөговь, Архангай, Говьсүмбэр аймгаас 22 төсөлд, 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Эдгээр төсөл  хэрэгжсэнээр орон нутагт 90 орчим шинэ ажлын байр бий болж, гурван үйлдвэр шинээр байгуулж, 14 үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөхөөр болж байна.

Үүнээс Өмнөговь аймаг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин орон нутгийн санхүүжилтээс 11 төсөлд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан олгож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар орон нутагт нэг төсөлд дунджаар 20- 300 сая орчим төгрөгийн зээл олгоод байна. Ингэснээр 21 аймагт эхний ээлжинд 151 орчим төсөлд 11 тэрбум, 480 сая төгрөгийн зээл олгоно.  

Дашрамд тодотгоход,  улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд 2020 онд 21 аймагт тус бүр 1 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн ч Ковид-19 өвчний  нөхцөл байдлаас үүдэн  ХХААХҮ-ийн сайд, болон Засгийн газраас “Үндсэн зээлийн төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх” талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөд тасалдал үүссэн учир тус бүр 500 сая төгрөгийн зээлийг орон нутагт олгохоор болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top