Хөвсгөл аймагт хэрэгжиж буй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хурал боллоо

2020 оны 11 сарын 09

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 оны хооронд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, орчны бүсийн сумууд болон Мөрөн хотод хэрэгжүүлж байна.

Төслийн “Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх үйлчилгээ” болон “Эко аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ”-ний компаниудыг сонгон шалгаруулсантай холбогдуулан БОАЖЯ, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгжээс “Төслийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх уулзалт”-ыг Хөвсгөл аймгийн  Мөрөн хот болон Хатгал тосгонд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал С.Баясгалан, төслийн нэгж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон бусад холбогдох албаны хүмүүс, зөвлөх үйлчилгээний компаниуд, тус аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг нийт 40 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байгуулагдах Жуулчны гудамж, Хатгал-Жанхай-Тойлогт болон Хүзүүвчийн шил чиглэлийн 37.9 км хатуу  хучилттай зам, 8 байршилд байгуулагдах 46 автобус, 460 автомашины авто зогсоол, Ханх сум, Хатгал тосгонд байгуулах шингэн, хатуу хог хаягдлын цэгүүд, болон иргэд, аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, аялал жуулчлалын салбарын оролцоог нэмэгдүүлэх ажлуудын төлөвлөгөөг хэлэлцэж, орон нутгийн төлөөлөгчдийн саналыг авлаа.

Мөн энэ ажлын хүрээнд БОАЖЯ, төслийн нэгж болон зөвлөх үйлчилгээний байгууллагууд төсөл хэрэгжих газруудад хээрийн хэмжилт судалгааны ажлыг Хатгал тосгонд 2 өдрийн туршид хийж гүйцэтгэх бөгөөд зураг төслийн ажлуудыг 2021 оны 02 дугаар сард эцэслэн боловсруулж, батлуулан, 2021-2022 онуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь нутгийн иргэдэд хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах, байгаль хамгаалал, ногоон хөгжлийн шилдэг туршлагыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зорилготой юм.

Төсөл хэрэгжсэнээр ХНБЦГ-т тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэн тусгай хамгаалалттай газрын хэмжээнд аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top