Эдийн засагч Б.Лхагважаваас ковидын үеийн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд авах арга хэмжээний талаар цахимаар тодрууллаа.
-Улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд хүн бүр гэртээ байх шиг байна. Таны хувьд цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ?
-Хүн бүр л энэ цаг хугацааг гэртээ гэр бүлээрээ өнгөрүүлж байна. Миний хувьд ч мөн адил дэглэмээ сахиад гэрээсээ гаралгүй Улсын онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байна. Уншиж судлах зүйлс их байгаа болохоор өдөр хоног ч хурдан өнгөрөх юм.
-Ковид 19 цар тахлын үед Олон улсад бизнесээ, эдийн засгаа аварч үлдэх ямар хэмжээнүүдийг авч байна вэ?
-2020 оны гуравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнууд өөр өөрсдийн оронд тохирох олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, ажлын байрыг барьж үлдэхийн тулд татвар төлөгч иргэдээ мөнгөн санхүүгээр дэмжих, аж ахуйн нэгжүүддээ хүүгүй, урт хугацааны зээлээр хангаж байгаа нь зөв алхам болж байна. Мөн мөнгөн болон буцалтгүй тусламжуудыг их хэмжээгээр өгсөн. Ингэснээр бизнесүүд нь цар тахлын үеийг хохирол багатай даван туулж чадаж байна.
Манайхаас бусад орнууд дотооддоо ковидыг алдсан тул өнгөрөгч, хоёр, гуравдугаар сараас хойш төсөв, мөнгөний, санхүүгийн бодлогодоо өөрчлөлт оруулан шинэ нөхцөл байдалтай зохицон амьдраад есөн сар болж байгаа юм. Харин манайх дотооддоо 100 хувь хөлөө хорио тогтоосон байсан. Дотооддоо ковид илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр юу ч хийгээгүй байсан нь тод харагдаж байна.
-Тэгвэл Монгол Улс энэ донсолгооноос хохирол багатай гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ. Засгийн газрын авч хэрэгжүүлэх шийдвэрүүдийг та хэрхэн үзэж байгаа бол?
-Засгийн газрын 23 зүйл заалт бүхий шийдвэр чинь өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд гаргасан тогтоолын огноог нь зассан хуулбар байлаа. Шинэ зүйл огт алга. Тухайн үед ковид Монголд гараагүй байсан. Одоо бол бид дотооддоо алдсан. Тиймээс арга барил, шийдвэрүүдээ өөрчлөх зайлшгүй шаардлага байна.
Аж ахуйн нэгжүүдэд ажилладаг иргэдийн цалингийн 50 хувийг ядаж зургаан сарын турш өгөх хэрэгтэй. Тэд цалингаасаа таван төрлийн татвар улсад төлдөг. Тиймээс энэ татваруудын мөн чанарыг яг одоо л бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байгаа юм. Ажилгүйдлийн даатгалыг ажиллуулахыг Засгийн газраас шаардаж байна. Энэ даатгалыг яаж мөнгөжүүлэх нь Засгийн газар, Монголбанкны хийх ажил юм шүү дээ. Та бүхэн одоо ажлаа хийх цаг болсон.
-Маш олон хувийн хэвшлийнхэн маань тодорхойгүй хугацаагаар бизнесийн үйл ажиллагаагаа зогсоогоод эхэллээ. Үүнийг дагаад ажилгүй, орлогогүй иргэдийн тоо улам нэмэгдэж байна л даа. Иргэндээ чиглэсэн ямар бодлого явах ёстой вэ?
-Аль ч цаг үед хувийн хэвшлийнхэн ачааны хүндийг үүрч ирсэн. Одоо ч мөн адил. Тиймээс Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг. Төр зөвхөн зохицуулалтын үүрэгтэй. Энэ зохицуулалтаа л сайн хийх хэрэгтэй байна.
Бүх иргэд карантинд орсон байгаа тул хувийн хэвшлийн аливаа татвар, даатгал өтөлж байгаа иргэдийн 770 мянга байдаг. Төрийн албан хаагчид орохоороо ойролцоогоор нэг сая болдог. Тиймээс иргэд даатгалаас даатгалаа авах ёстой юм. Нэг ёсондоо цалингаа авна гэсэн үг.
-Ковидын цар тахал эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хэзээ арилах вэ?
-Эдийн засаг ойрын 2-3 жилдээ хүнд байна. Нэг жилдээ бол мөрөөдөөд байх юу ч байхгүй гэж ойлгоорой. Монгол Улс өнгөрсөн хугацаанд макро түвшний арга хэмжээгээ авч чадаагүй. Хамгийн гол нь сонгуульд зориулсан төсөв баталчихаад Ч.Хүрэлбаатар төсвөө тодотгохгүй гэж хаваржин шоудсаар байгаад таарсан. Бид дөрөвдүгээр сард төсвөө тодотгосон бол ингэж дөрвөн их наядаар төсвийн орлого тасрахгүй байсан. Ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар шүү дээ. Шинээр бүрэлдсэн Засгийн газар, УИХ бодит нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байна. Бүх зүйлийг ковид руу чихэж, өөрсдөө цэвэрхэн бултах арга хэрэглээд байгаа л даа. Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн онцгой комисс байгуулах хэрэгтэй. Энэ комисстоо 1990-1992 оны эдийн засаг, нийгмийн хүндрэлийг авч гарсан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, 1997 оны Азийн хямралаас монголоо авч гарсан Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр, С.Батболд, хамгийн сүүлд гэхэд эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан Жаргалтулгын Эрдэнэбат гээд тухайн үедээ гарч байсан эдийн засгийн хямралуудыг амжилттай даван туулж байсан сайн менежерүүдийг урьж авч ирэх хэрэгтэй. Мөн эрдэмтдээс бүрдсэн комисс ажиллах нь хамгийн зөв гарц. Ганц Ч.Хүрэлбаатарын толгойгоор, макро эдийн засаг мэдэхгүй төрийн өндөрлөгүүдийн үгээр цаашаа явж болохгүй.
-Монгол Улсын 2021 оны төсвийг баталсан. Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна вэ. Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв гээд байгаа?
-2021 оны төсөв маш муу болсон. Төсвийн тодотголыг нэн яаралтай оруулж ирэх ёстой юм. Төсвийг есөн их наядад багтааж, төсвийн хоёр их наядын алдагдлыг байхгүй болгох зайлшгүй шаардлага бий. Манайх 2021 оны төсвийг 2020 оны төсөв шиг сонгуульд зориулсан төсөв баталсан. Орж ирээгүй орлогыг орохоор тооцож, түүндээ зориулж зардлыг маш өндрөөр тооцсон. Төсвийн зардал хөрөнгө оруулалт нь хэтэрсэн төсөв болсон.
Төсөвт сууж батлагдсан 1.5 их наядын цементэн хөрөнгө оруулалтын ажлыг нэн яаралтай 100 хувь зогсоох хэрэгтэй. Энэ мөнгөөрөө Ажилгүйдлийн даатгалыг санхүүжүүлж, ажилчдын 50 хувийн цалинг өгөх хэрэгтэй байна. Ковидын энэ үед эдгээр онц шаардлагагүй бүтээн байгуулалтыг царцааж зорилтот бүлэгт тэр мөнгийг нь чиглүүлэх нь зөв. Засгийн газрын урсгал зардал төсвийн орлогын 70 хувьтай дүйцэж байгааг 50 хувьд хүргэж бууруулах зайлшгүй шаардлагатай. Макро түвшиндээ эдгээрийн яаралтай хийх цаг болсон. Энэ шийдвэрийг УИХ гаргах учиртай тул УИХ өдөр бүр хуралдах хэрэгтэй байна. Эцсийн эцэст мөнгөний, татварын бодлого дээр УИХ шийдвэр гаргана. Тэд яаралтай одоо хуралдах ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Лхагважав гэгч нам хооронд “биеэ үнэлж явдаг” нүд нь аягандаа эргэлдсэн хогийн шар шувуу албан тушаал, алт мөнгөний төлөө элдэв юм донгосч явхиймдаа хөөрхий кк.
Chi dut.
тийм шүү, тэтгэвэр нас хараахан хүрээгүй ажилгүй болчихсон болж байгаа хүний тоо эрс нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй, ихэнх нь 30 -аад жил тасралтгүй ажиллаж цалингаасаа татвар шимтгэлүүдээ суутгуулан төлсөн байдаг. Насны байдлаас болоод тогтвортой ажиллах боломжгүй , ер нь ажилгүйчүүдийн эгнээнд орцгоож байна. \n
zeeliin ersfliin sang yamar ued ashigladag um be. yamar shalguuraar zerliig n ene sangaas zohitsuuldag um bol. bankuud arai ene sangaas neg avaad zeeldegchees neg avaad hulhidaad baigaa um bish biz
УИХ- ын гишүүд бол шинэ жилийн сүлд модонд зүүдэг чимэглэл биш. Төсвөө алдагдалгүй батал. Эс бөгөөс огцорч тар!!!