Оюутолгойн алтны үйлдвэрлэл оны төгсгөлд ӨСӨХ төлөвтэй 

2020 оны 11 сарын 21

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг ирэх онд 5 хувиас давж өсөх болов уу гэсэн төсөөллийг хийхдээ тулгуурлан авч үзсэн  гол үндэслэлүүдийн нэг нь Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж  2021 онд нэлээд өснө гэсэн хүлээлттэй холбоотой байсан.

Тэгвэл “Оюутолгой” компаниас гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулахдаа алтны  агууламжтай холбоотой таатай мэдээ өгч байна.

Монгол Улс коронавирусний тархалтыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоосон энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлд дараа дараагийн ямар арга хэмжээнүүдийг авах нь зөв бэ гэдэгт нэгдсэн тодорхой байр суурь дутмаг байгаа энэ үед Оюутолгой төслөөс авах үр өгөөж буурахгүй байх тухай мэдээлэл байгаа нь бидний хувьд өнөөдрийн байдлаар САЙН МЭДЭЭ юм. 

Мэдээллээс эшлэн хүргэе.

Уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өслөө.

Хатуулаг  багатай хүдрийн хэмжээ ахиу байсан тул энэ оны гуравдугаар улирлын баяжуулах үйлдвэрийн гарц өмнөх оны гуравдугаар улирлын мөн үеийнхээс бага зэрэг илүү байлаа.  Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155,000 – 180,000 унц үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байна гэж мэдээлэлд дурджээ.

2020 онд ил уурхайн агуулга сайтай хэсэг рүү олборлолт шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортой байдлаа хадгалж байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байна. Эдгээр хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм.

Гүний уурхайн агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжсэн хэвээр байна. Агааржуулалтын хойд амны татлага суурилуулах зэрэг амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай байлаа. Цаашид хийгдэх ажлуудад гүний уурхайн амны нэвтрэлтэд мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд хэрэгтэй бөгөөд эдгээр гэрээт ажилтны заримыг 2020 оны сүүл гэхэд татан авах зорилготой ч сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай.

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай явж байна.

Тогтвортой үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадарга дээрх дэд бүтцийн ажил бүгд дууссан тул нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг анхны тэсэлгээ хийх үед хийсэн байхад шаардлагатай түвшинд нь хүргэхээр багууд ажиллаж байна. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажил дууссаны дараа гүйцээн дуусгах боломжтой дэд бүтцийн байгууламжууд тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд төдийлөн хамааралгүй ч үйлдвэрлэлийг өсгөхөд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байх болно.

Нарийвчилсан тооцооллын эхний үзүүлэлтээс харвал 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэх төлөвтэй байна. Бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хэмжээнд байхаар тооцоолж байна. Энэхүү тооцооллоо КОВИД-19-ээс үүдэлтэй зардал болон хуваарийн нөлөөллийг оруулан шинэчилж байгаа бөгөөд тайлан гарч байх энэ үеийнхээс КОВИД-19-тэй холбоотой аяллын болон бусад хязгаарлалтууд тавигдана гэсэн хүлээлттэй байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд эцэслэгдэх Панель 0-ийн зардлын тооцоолол бэлэн болох үед эдгээр тооцоолол өөрчлөгдөх магадлалтай.

Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долоодугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан. 2021 онд Огтлох түвшний малталт эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатай юм гэжээ.


 

Сануулахад, Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан.

“Туркойз Хилл Ресурс” компани  “Рио Тинто” компанитай 2020 оны есдүгээр сарын 9-ний  өдөр Оюутолгойн Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа заавал биелүүлэх шаардлагатай гэрээ биш болохыг ус компанийн зүгээс тодотгож буй.

Санамж бичигт    “Туркойз Хилл Ресурс” гол хөрөнгө оруулагчийн хувиар олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 хүртэлх сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоос гадна хувьцааны санхүүжилтээр бусад шаардлагатай санхүүжилтийг босгох тухай агуулгыг тусгасан юм.

“Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Ульф Куэльман хэлэхдээ “Бид Рио Тинтотой байгуулсан Санамж бичгийн хүрээнд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэхээс илүүтэй  хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцтэй байдлаар бүрдүүлэхээр зах зээлд оролцогчидтой хамтран ажиллаж байгаа” хэмээн мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top