Хүүхэд, багачууддаа байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах "Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая" цувралыг хүргэж байна. Өнөөдөр ЗААРТ ХАРХ буюу Ондатрын мөртэй танилцъя.
Өтгөн саглагар үстэй энэ бяцхан амьтны биеийн урт нь 26-40 см, сүүл нь 12-23 см, жин нь ердөө 900-1000 грамм. Гол, нуур, хуурай газрын аль алинд нь амьдардаг.
Энэ амьтныг зарим хүмүүс заарт харх ч гэж нэрлэдэг бөгөөд нэг удаагийн төрөлтөөрөө 6-10 зулзага гаргадаг гэнэ. Мөн өнтэй жил 3-4 удаа зулзагалах тохиолдол ч байдаг байна.
Урьд өмнө нь энэ бяцхан амьтан манай оронд байгаагүй. Харин 1940-өөд оны үед Орхон, Сэлэнгийн адгаар орж ирж нутагшсан гэдэг бөгөөд Хар-Ус нуурт зориудаар нутгашуулсан байна. Бас ч үгүй аминдаа арчаатай бөгөөд нуур цөөрөм голын эрэг орчимд нүх ухаж зэгс, мод бургасны мөчрөөр овоохой барьж нүхэнд нь байрладаг бөгөөд нүхнийх нь амсар усан дор байдаг.
Ондатр ус намгийн элдэв ургамлаар хооллохоос гадна заримдаа амттай харагдвал зөөлөн биетэн элдэв шавжийг ч иддэг байна.
Та хүүхэдтэйгээ заарт хархын талаар сонирхолтой баримтуудыг ярилцаж амьтдын ертөнцөөр аялуулаарай!
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )