Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ-II

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Түрүүч...

 

“Өглөөний сонин” хуурамч шатахууны хор уршиг ямар хэмжээнд хүрснийг баримт, нотолгоонд үндэслэн цувралаар мэдээлж байгаа


 

УИХ нь хуулиар хамгаалсан, Засгийн газар нь тогтоолоор дэмжиж ирсэн хуурамч шатахууны бизнесийн сүлжээ нэгэнт бий болсон. Керосин, нафта тэргүүтэй стандарт бус хуурамч шатахууны гол орцны Онцгой албан татварыг 2015 оноос хойш чөлөөлснөөр нэг жилд улсын төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа юм. Энэ талаар  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сайнбаяр “Улс төрийн дэмжлэгтэй бүлэглэл хуурамч шатахуунаас жилд 150-200 тэрбум төгрөгийн ашиг олдог” хэмээсэн.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад татваргүй орж ирсэн хагас боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд бусад нефтийн бүтээгдэхүүний адил Онцгой албан татвараас ногдуулсан бол улсын төсөвт 108.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой байсан байна.

Ийм хэмжээний мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 30 сургууль, 240 хүүхдийн суудалтай 49 цэцэрлэг, эсвэл 50 хүний ортой сумын нэгдсэн эмнэлэг 90-ийг барих боломж байжээ. Улс ийм алдагдал хүлээхийн хэрээр хуурамч шатахуун үйлдвэрлэгчдийн ашиг тэлсэн нь мэдээж. 

Монгол Улс 2015-2020 оны дөрөвдүгээр сарыг хүртэл 616.262 тонн хагас боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн импортолсон. Тэдгээрийг оруулж ирсэн 17 компанийн жагсаалттай танилц. Үүнээс “Петролиум продакшн” болон “Ай Си Ай Си” гэх хоёр компанийг онцлох хэрэгтэй. Энэ хоёр компани нийт импортолсон керосин, нафтагийн 85 хувийг дангаараа оруулж ирсэн байна. Үүн дотроо Эрдэнэт хотод байрладаг “Петролиум продакшн” компани зэс угаах үйлдвэрт керосин нийлүүлдэг гэх ч үнэн хэрэгтээ хэрэглээнээсээ хэт давсан хэмжээний химийн бүтээгдэхүүн оруулж ирсэн нь салбарынхны анхааралд өртжээ. Мөн нэрээ нууцлахыг хүссэн хэд хэдэн эх сурвалж хуурамч шатахууны сүлжээ “Петролиум продакшн” компаниас эхтэй гэдгийг хэлж байгаа юм. 

Ерөнхийдөө монголчуудыг нийтээр нь хохироосон хуурамч шатахууны бизнесийн сүлжээг цэцэглүүлсэн гол дэмжлэг нь гааль болон Онцгой албан татвараас чөлөөлсөн хуулийн өөрчлөлт болон тэдгээрийн эргэн тойронд мэндэлсэн тогтоол, шийдвэрүүд юм. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд  олон нийтийн зүгээс хуурамч шатахуунтай тэмцэхийг төр засгаас шаардсаар ирсэн. Гэвч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрэв. Энэ УИХ, Загийн газар керосин, нафта тэргүүтэй химийн нэмэлт бүтээгдэхүүнд гааль, Онцгой албан татвар тавьж, зах зээлээс хуурамч шатахууныг шахаж гаргахыг хүссэнгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж байгааг анхлан мэдээлсэн. Тэрбээр ийм үйл ажиллагаа явуулдаг бизнесийн сүлжээг зогсоох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөлд керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнд тонн тутамд нь 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан. Эдгээр бүтээгдэхүүн импортоор орж ирээд нэрэгдэн, зах зээлд борлуулагддаг ч нефтийн бүтээгдэхүүний нэгэн адил татвар төлдөггүй. Татвар төлдөггүй учраас жил бүр 108 тэрбумын орлого алддаг. Хамгийн ноцтой нь чанарын шаардлага хангадаггүй энэхүү нэрсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгддэгээс иргэд эд хөрөнгө, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа. Гэвч төр засаг үүнийг  зогсоох талаар хуруу хөдөлгөх байтугай харин ч хуурамч шатахуун үйлдвэрлэгч нэр бүхий компаниудыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах болсон. Хуурамч шатахууны дуулианаар төрийн байгууллагуудаас  нэгдсэн шалгалтын ажлын хэсэг гарсан ч үр дүнг олон нийтээс нууж байгаа явдал үүний нэг хэсэг юм.

Бидэнд ирсэн мэдээллээр, өнөөдөр Монголд явж байгаа таван автомашин тутмын нэг нь хуурамч шатахуун хэрэглэж байгаа. Ийм хэмжээнд хүртэл тэлсэн хуурамч шатахууны үйлдвэрлэлийг түүхий эдээр хангагч компаниудын жагсаалтыг энэ удаад ил болгож байна. 

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ГОЛ ОРЦ БОЛОХ КЕРОСИН, НАФТА НИЙЛҮҮЛДЭГ КОМПАНИУД

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.207) 2021 оны 01 сарын 29

Энэ бол гэмт хэрэг. Хэрэглэгчийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа хэрэг.

1  |  0
Зочин(202.21.109.81) 2021 оны 01 сарын 29

Хуулиар дархлагдсан нэг зүйл бий шүү!!! Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр!!! Яахлаараа маш бага зардлаар эрчим хүч нэгдсэн шугамд нийлүүлчхээд хэдхэн хүн ард түмнээс төлбөр аваад сууж байдаг байнаа???

3  |  0
Top