Нэгэн найзынхаа урилгаар хуучин хамт олонтойгоо тоглолт үзэхээр UB Palace-ийг зорилоо. Одоогоос 19 жилийн өмнө дуучин Д.Болдын “Хайрын хүч” тоглолтыг үзсэнээс хойш энд байдал хэрхэн өөрчлөгдсөн нь сонин байсан юм. Аливаа юм яаж ч муудсан сайн тал руугаа явж байдаг гэж үг бий.
Тэр үед шүүмжлэн бичиж байсан дотоод орчин арай илүү эмх цэгцтэй болж, техник технологийн хувьд ч дэвшил гарчээ. Үзэгчид зогсож зургаа авхуулах орчныг нь бэлдсэн байх агаад үйлчилгээний цэгүүд зориулалтын дагуу ажиллаж харагдана.
Үзэх концерт маань нэгэн зохиолын дуучин, хөтлөгч залуугийн анхны тоглолт байсан юмсанж. Тэнд цугласан олон хүний нэгэн адил тодорхой мэдээлэлгүйгээр, сошиал дээр ч харж байгаагүй дуучны тоглолтыг үзэх болсноо ойлголоо. Хамт олноо хүндэтгэх үүднээс юм хэлсэнгүй. Яг над шиг хэн нэгний дуудлагаар ирсэн бололтой хүмүүсийн урсгалд нэгдэн орж их танхимд суудлаа эзлэв. Хоёр мянган хүний суудалтай уг танхимд орж буй үзэгчид хувцсаа өлгүүлэх нь байтугай яг энэ тоглолтыг үзэх гэж зорьж ирсэн нь ч ховор юм шиг санагдаж байв. Бүгд л ажлын дараа, мөн үнэгүй олдсон билетийг хий дэмий үрэгдүүлэхгүйн тулд үзэж буй нь илт. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь ядарсан гунигтайдуу харц, хайш яаш хувцаслалт, цог золбоогүй саарал дүр төрхөөрөө ижилссэн мэт харагдах нь хачирхалтай.
Тоглолт эхлэх хүртэл бараг цаг шахам болов. Эцэст нь дуучин, хөтлөгч залуу тайзнаа гарч ирлээ. Эхний нэг, хоёр дууг өөрөө дуулсан нь гайгүй дуулчихдаг ч юм уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. Хүүхэд байхаасаа л дуулж ирсэн тэрбээр “Гавьяат” хэмээн найз нөхөд нь хочлон нэрлэдэг СТА залуу аж. Гэвч дараа дараагийн зарим дуун дээр энэ сэтгэгдэл ор мөргүй арилж одсон нь харамсалтай.
Удалгүй тоглолтоо хийж буй дуучныг дэмжихээр ирсэн уран бүтээлчид дуулж эхлэв. Дэмжигч уран бүтээлчдийн тоглолт хоёр цаг гаруй үргэлжилж, намайг явахад ч дуусаагүй байсан нь гайхмаар. Ядаж дундуур нь тоглолт хийгч өөрөө нэг ч дуулсангүй.
СТА Я.Гэрэлчулуун “Хоймор сайхан нутагтаа” дуугаараа мэндчилээд “Айзам” хамтлагийн “Эгэл чи минь”, 80, 90-ээд оны хит “Харц” дуунуудыг дуулж олныг баясгалаа. Дараа нь “Зөв явбал зөөлөн замбуулин” дууны зохиогч СТА Н.Баасандорж өөрөө энэ дууг дуулж сонирхуулан, үзэгчидтэй хамтран дуулав. МУГЖ, дуучин Э.Бүрнээбаяр “Миллион алых роз” дууг хоёр хэлээр дуулж, мөн өөрийн брэнд “Амьдрал аа, би чамд хайртай” дуугаараа ая барилаа. СТА Н.Дашдэмбэрэл “Ижий гөрөөс”, “Дуут нуур” дуунуудаар ая хөгжөөсөн бол МУГЖ Ж.Уранчимэг “Дурсамж”, “Оюутны намар” дуунуудаараа заалыг жинхэнэ доргиов. Босож бүжиглэн, утсаараа гэрэлтүүлэн даган дуулцгаах үзэгчид цөөнгүй харагдана. Дээгүүр дрон нисэж, СТА дуучин, хөтлөгч залуугийн тоглолт хэчнээн сүр дуулиантай болж буйг баримтжуулах ажээ.
Дараа нь СТА Ж.Эрдэнэдалай “Би өөрийнхөөрөө” дуугаар ая барьж, СТА Э.Чулуунчимэг “Зүгээр л инээмсэглэ” дуугаа дуулсныг санаж байна. Хамгийн тод үлдсэн тоглолт СТА Ж.Эрдэнэдалай баруун монгол хувцсаа өмсөн гарч ирээд “Баруун монгол дууны поппури”, “Жуурай Гэлдэн” дуугаар ая барьсан нь үзэгчдийн хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болсон юм. Баруун монгол иж бүрэн концерт үзэх сэн хэмээн бодогдсон шүү.
Эцэст нь тоглолтоо хийж буй дуучны дуулахыг хүлээж тэвчихгүй гарч явлаа. Энд би бүтэн дөрвөн цаг шахам хугацааг ийм байдлаар өнгөрүүлсэн юм. Яг л танихгүй айлын задгай найранд санамсаргүй оччихсон мэт. Эсвэл гэнэт өөр цаг үед гараад ирчихсэн юм шиг үдэш байв. Дуучид дуугаа дуулах гэхээсээ илүү үзэгчдээр дуулуулж, өөрсдөө хагас хугас дуулан томорцгооно.
Урлагийн сайхан үдэш байж болох л байлаа. Гэвч үзэгчдэдээ тааруулж буй мэт хайш яаш атлаа бодлого, найруулгын аль нь ч үгүй тоглолт хэмээн нэрлэгдсэн задгай найрын дууны цуглуулга болов. Урлагийн сургууль төгссөн залуу дуучид зах зээлд нэвтрэхийн тулд арай илүү алдаршсан дуучдыг тоглолтдоо урьж үзэгчдээ татах бодолтой байдаг л байх. Гэвч гол дуучин байх ёстой хүн нь өөрөө “панчан” болсон, тоглолт гэхэд хэцүү ийм урлаг бидэнд хэр өгөөжтэй вэ?
Аливаа юмны давс хужрыг нь тааруулах, том жижиг аливаа тоглолтыг мэргэжлийн түвшинд найруулга хийж бэлдэх нь нэн тэргүүнд урлагийн тайзаа хүндэтгэж, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ хандаж буйн илэрхийлэл байдаг билээ. Харамсалтай нь, энд тийм зүйл нэгийг ч олж харсангүй. Доогуур түвшний массын урлаг гэж нэрлэж болохоор гаж үзэгдлийн тод жишээг л олонтоо харлаа. Тэнд цугласан хүмүүсийн буруу ч гэж юу байх вэ. Урлагийг ийм түвшинд хүртэл унагасан уран бүтээлчид хийгээд үйлчилгээ үзүүлэгч байгууллагынхан л буруутай.
UB Palace-ийн тоглолтыг массын урлаг болтол нь унагасан үдшийн гэрч болсныхоо дараа сэтгэл нэн тавгүй байв. Ердөө хэдхэн хоногийн өмнө хамт ажилладаг залуу бүсгүй бид хоёрын хооронд ийм яриа өрнөсөн билээ.
-Эгч ээ, саяхан “Сычуаны сайн хүн” жүжгийг Сонгинохайрхан дүүргийн шинэ театрт очиж үзлээ.
-Өө тийм үү, ямар байна?
- Тэнд ирж үзсэн хүмүүс нь ямар аймаар харагдсан гэж бодно оо. Ерөөсөө гоёогүй, хар халтар хүмүүс ирсэн ш дээ. Уг нь үйлчилж байгаа театрын ажилтнууд нь их соёлтой, театр нь ч гоё юм. Бид жүжиг үзнэ гээд гэр бүлээрээ хэрэндээ гоёж очсоныг яана. Одоо тэгээд дараа нь дахиад тэнд жүжиг үзэхээр бол тэд нартай адилхан навсгар очно гэсэн үг үү?
-Үгүй дээ, үргэлж гоёж очиж бай. Тэгж байж л байдал өөрчлөгдөнө...
Тийм ээ, өөрчлөлт хурдхан шиг л ирээсэй.
Сэтгэгдэл ( 0 )