COVID-19 цар тахлын талаарх өнөөдрийн 5 гол мэдээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

Коронавирусний халдварын эсрэг вакциныг дэлхийн олон орон хэрэглэж эхлээд байна. Өнөөдөр дэлхий дахинд ковидийн талаарх анхаарал татсан 5 мэдээг танилцуулья.

1. Хөл хорио

ОХУ-ын Санкт-Петербург хотын захиргаа 12-ноос эхлэн, хөл хорионы дэглэмийг сулрууллаа. Баасан гарагаас эхлэн тус хотод ресторан, хоолны газар ажиллаж эхэлсэн. Гэхдээ мэдээж хязгаарлагдмал тоогоор хүн хүлээн авна. Кино театр, цирк, концертын танхим ажиллаж эхэлсэн ч мөн танхимын 50 хувьд л үзэгч оруулах юм.

ӨАБНУ-ын Засгийн газраас хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 15 хүртэл сунгалаа.

Латвид энэ сарын 25 хүртэл Европын холбооны улсуудаас хүндэтгэх шалтгаангүй иргэдийг хүлээн авахгүй болжээ.

Герман бүх нийтийн хөл хориог гуравдугаар сарын 7 хүртэл сунгалаа. Энэ өдөр хүртэл хүнсний дэлгүүр, банк, шуудангаас бусад газар ажиллахгүй.

Кипр улс гуравдугаар сарын 1-нээс гадаадын жуулчин хүлээн авна. Гэхдээ цар тахал бага 56 орны иргэдийг л хил нэвтрүүлэх юм. Нисэх буудал дээр бүх хүн 30 еврогоор шинжилгээ өгөх ёстой.

2. Вакцин

Дэлхийн 50 хүн тутмын нэг нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байна. Нийт 159,3 сая хүн вакцин хийлгэсэн нь дэлхий хүн амын 2 хувь болж байна. АНУ-д 48 сая, Хятадад 40 сая, Их Британид 14,1 сая иргэнээ вакцинд хамруулаад байна.

3. Шинэ төрлийн вирус

Одоогийн байдлаар коронавирусний 40 мянган мутацид орсон төрөл илрээд байгаа гэнэ. Тиймээс хүний эсрэг биет вирусний халдлагыг тогтоон барьж дийлэхгүй болж магадгүй гэж ОХУ-ын эрдэмтэд үзэж байна. Мөн шинэ төрлийн коронавирусийн эсрэг дахин шинэ вакцин гаргах шаардлагатай болох аюул байгаа гэжээ.

4. Шинжилгээний үнэ

ОХУ-ын хувийн эмнэлэг, лабораториуд цар тахал эхэлснээс хойш ковидийн шинжилгээгээр 42 тэрбум рублийн ашиг олжээ. Шинжилгээний дундаж үнэ 2300 рубль. ОХУ-ын Хэрэглэгчдийн төлөө газраас хийсэн мэдэгдлээр хоёрдугаар сарын байдлаар ОХУ-д 105,2 сая шинжилгээ хийгдсэний 15-20 хувь нь хувийн байгууллагад оногдож, бусад нь улсаас үнэгүй хийсэн шинжилгээ гэнэ.

5. Халдварын тоо

Жонс Хопкинсийн хүрээлэнгээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийд нийт халдварын тоо 107,81 саяд хүрж, 2,37 сая хүн амиа алджээ. АНУ-д 27,39 сая, Энэтхэгт 10,88 сая, Бразилид 9,71 сая, Их Британид 4,01 сая, ОХУ-д 3,98 сая хүн халдвар авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top