ТВ8 телевизийн Ерөнхий продюсероор Ц.Цогзолмааг томиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

15 жилийн ойгоо тэмдэглэж буй өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевизийн Ерөнхий продюсероор Цэгмэднамжилын Цогзолмааг томиллоо.

Ц.Цогзолмаа нь 2012 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2020 онд Польшийн их сургуульд магистр хамгаалсан бөгөөд сэтгүүлзүйн салбарт 2011 оноос эхлэн сурвалжлагч, продюсер, хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан туршлагатай.

2011 онд ТВ5 телевизэд сурвалжлагчаар анх ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр “Mongol HD” телевизэд ажиллаж байхдаа “Авьяаслаг монголчууд”, “Ардын буйдан” зэрэг контентуудад продюсероор ажиллаж байсан. Мөн БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан туршлагатай.

Ц.Цогзолмаа 2020 оны долоодугаар сараас “Эрхэт Монгол” медиа группийн Контент хөгжүүлэлтийн албаны продюсероор ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд үндэсний контент “GOBI challenge-2020” тэмээн аяллын реалити шоу, “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн Гүйцэтгэх продюсер, ахлах продюсероор ажиллаж байгаад өнөөдөр ТВ8 телевизийн Ерөнхий продюсероор томилогдлоо.

Top