"Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд" цувралаас...
ЭЭЖ ХАЙРХАН нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2277 метр өндөр эл уулын 23,096 га талбайг хамарна.
Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба байгалийн үзэсгэлэнг нэмсэн сонин тогтоц бол түүний зүүн өмнөд хажууд чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй, 9 чулуун тогоо билээ. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогддог. Эдгээр тогоонуудын дөрөв дэх нь хамгийн том нь бөгөөд түүний гүн нь 4 метр хүрнэ. Харин ес дэх тогоо нь бусдаасаа нэлээд тусгаарлагдмал.Түүнээс доош дээрх тогоонуудын урсгалын замд гүн биш жижиг тогоо 2-3 бий.Эдгээр тогоонуудын төгсгөл болох газраас булаг маягтай шүүрдэс ус гарч байдаг.
Монгол Алтайн нуруу, Говь-Алтайн нурууны хоорондын хотгорт орших боржин чулуун уул бөгөөд 200 овог, 72 төрөлд хамаарах 93 зүйл ургамал тархсан нь энэ жижиг ууланд зүйлийн бүрдэл баялаг байгааг харуулна. Амьтаны аймгийн хувьд аргаль, янгир, ирвэс, зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтдын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Шувуудаас хахилаг, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл шувуу энэ уулын орчим тогтмол болон түр байршин амьдардаг. Замба гүрвэл, төмөр гүрвэл, хонин гүрвэл, говийн гүрвэл, сум могой, бамбай хоншоорт могой, тэмээн сүүл могой зэрэг мөлхөгчид бий.
СОНИРХУУЛАХАД:
Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд олон цаг хэрэгтэй бөгөөд авирах явцад замын турш янз бүрийн нэр өгч нэрлэхээр гайхалтай сонин байгаль эхийн бүтээлүүдээр баялаг билээ. Алдарт есөн тогоо, ламын агуй гэх онцлог тогтцуудаас гадна гүрвэл хад, бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, гахайн толгой, тэврэлдэн суугаа хос залуус, түлээний сав, олон суудал хад (театр хад), ембүү хад, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоц хаднуудыг үзэх боломжтой. Ээж хайрханы харуул сахиул мэт түгээмэл энд тэнд үзэгдэх амьтан бол Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа ч гэж нэрлэдэг. Монголын хамгийн том гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар гэрэлд олноор цугладаг шар аалз бий.
Сэтгэгдэл ( 0 )