АНУ-ын “SpaceX” компани “Dogecoin” криптовалютаар төлбөр хийсэн гэрээний дагуу 2022 онд сар руу “Doge-1” хиймэл дагуул хөөргөхөөр болсон тухай тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск жиргэжээ.
Канадын “Geometric Energy Corporation (GEC)” компанийн эзэмшлийн хиймэл дагуулыг “Falcon 9” пуужин тээвэрлэгчийн тусламжтай 2022 оны эхний улиралд хөөргөхөөр төлөвлөж байна. Эл 50 кг жинтэй хиймэл дагуулыг сар орчмын тойрог замд гаргаж, Дэлхийн дагуулын талаарх мэдээллийг цуглуулах юм.
Тус гэрээний өртөг одоогоор тодорхойгүй байна. Ийм хэмжээний гэрээний төлбөрийг “Dogecoin” криптовалютаар хийснээр “Geometric Energy Corporation”, “SpaceX” компани сансрын салбар дахь сарны бизнесийг хийх явцад эл валютын статусыг төлбөрийн мөнгөний нэгжийн хувиар бэхжүүлж чадлаа гэж “GEC” корпорац мэдэгджээ. Энэ төсөлд криптовалютыг Дэлхийн тойрог замын гадна хэрэглэх боломжийг харуулаад зогсохгүй гараг хоорондын худалдааны суурийг тавина гэж “SpaceX” компанийн арилжаа хариуцсан дэд ерөнхийлөгч Том Очинеро мэдэгдсэн байна.
Энэ мэдээлэл гарсны дараа “Dogecoin” криптовалютын нэгж үнэ 0.58 ам.доллар болж өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )