Их Британийн хатан хаан парламентдаа хандаж, үг хэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Их Британийн хатан хаан II Элизабет мягмар гарагт (2021.05.11) парламентдаа хандан үг хэлж, консерваторуудын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулна.

Их Британийн парламентын чуулганы нээлт нь хатан хааны оролцдог томоохон үйл явдлын нэг ба энэ жил коронавирусний цар тахал, хатан хааны эр нөхөр, хунтайж Филип таалал төгссөний улмаас даруухан болж өнгөрнө.

Хатан хаан Вестминстерийн ордон руу уламжлалт ёсоор найман морьд хөлөглөсөн алтан сүх тэргээр бус, лимузин машинаар морилон ирэх гэнэ. II Элизабетыг мөн харуулууд дагалдаж, хүндэт харуул угтахгүй. Хатан хаан үг хэлэх Лордуудын танхимд зөвхөн 74 хүн байх гэнэ. Тэд бүгд шинжилгээ өгч, амны хаалт зүүх ёстой. Харин хатан хаан төрийн титмээ зүүхгүй ба титэм нь хатан хааны дэргэд тусгай дэрэн дээр байрлах гэнэ. Гэсэн хэдий ч XIX зууны дунд үеэс тогтож ирсэн үндсэн үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй аж.

Хатан хааны парламентын чуулганы нээлт дээр хэлэх үг хэдийгээр бэлгэдлийн чанартай ч Британийн хаант ёсны хувьд чухал ач холбогдолтой. Түүний хэлэх үгийг танхимын гишүүд бичиж, Ерөнхий сайдын тамгын газар баталдаг байна. Хатан хаан өөрчлөлт оруулах эрхгүй.

Арав орчим минут үргэлжлэх үгэнд Борис Жонсоны Засгийн газар ойрын үед Нийтийн танхимд өргөх барих 30 хуулийн төслийг дурджээ.

Хатан хааныг түүний хүү, угсаа залгамжлах хунтайж Чарлз дагалдана. Парламентын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа II Элизабетын эр нөхөр нь өөд болж, гашуудлаа тайлснаас хойш оролцож буй анхны томоохон арга хэмжээ болж байна.

1953 онд хаан ширээнд сууснаас хойш хатан хаан II Элизабет парламентын чуулганы нээлтийн арга хэмжээнд хоёр удаа оролцоогүй. Тэрбээр 1959 болон 1963 онд жирэмсэн байсан учир парламентын танхимд ирээгүй байна. Тухайн үед хатан хааны зөвшөөрлөөр түүний үгийг Лордуудын танхимын дарга уншиж байсан түүхтэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top