АНУ-ын дипломат төлөөлөгчдөд тархины гэмтэл илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Гадаад улс орнуудад ажиллаж байсан АНУ-ын 130 гаруй дипломат ажилтан, цэргийн төлөөлөгч тархины гэмтэлтэй холбоотой нууцлаг асуудалтай тулгараад байна гэж “The New York Times” мэдээлжээ.

Анх удаа Хятад болон Кубад ажиллаж байсан 60 ажилтанд эрүүл мэндтэй холбоотой ийм асуудал гарсан нь олон нийтэд ил болсон. Өдгөө ийм тархины гэмтэл Европ болон Азийн улс орнуудад ажиллаж буй дипломат ажилтнуудад илэрчээ. Харин эх орондоо ажиллаж буй дипломат ажилтнуудтай холбоотой тохиолдлууд гадаад улс орнуудад ажиллаж байхад нь тохиолдсоны үр дагавар гэж үзэж байна. Тархины гэмтэл нь толгойн өвчнөөс авахуулаад амиа хорлох тухай бодол орж ирэх хүртэл янз янз байгаа аж.

Яг ийм явдал таван жилийн өмнө мөн гарч байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын засаг захиргаа эдгээр хэргийг шалгахад Батлан хамгаалах яамны оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байжээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн талаарх мэдээллийг холбооны түвшинд хамгаалах хуулийн заалтын улмаас шаардлагатай мэдээлэл авч чадалгүй, хүндрэлтэй тулгарч байсан гэж тус хэвлэл онцолсон байна.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа албан тушаалтнуудад үзүүлэх эрүүл мэндйн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэдний тархины гэмтлийн шалтгааныг тогтоох чиглэлээр ажиллах зохицуулагчдыг томилохыг холбогдох яамдад уриалсан байна.

Үүнтэй холбогдуулан Тагнуулын төв газарт шинэ тохиолдлын талаарх мэдээлэл цуглуулах үүрэг бүхий тусгай нэгж байгуулжээ. Тус газрын орлогч захирал Дэвид Коэнд эл нууцлаг хэргийн шалтгааныг тодруулах ажлыг хариуцуулсан байна.

Үүнээс өмнө CNN АНУ-ын эрх баригчид гаднын улс орнуудад ажиллаж буй төлөөлөгчдийн эсрэг “чиглэсэн энерги” гэх технологийг ашигласан халдлагатай төстэй хоёр хэрэг тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэргийг шалгаж байна гэж мэдээлж байжээ. Эл хоёр халдлагыг нэг нь 2020 оны арваннэгдүгээр сард Цагаан ордонтой ойрхон гарсан гэж таамаглаж байгаа бол 2019 онд Цагаан ордны ажилтан Вашингтонтой хил залгаа Виржиниа мужийн нэгэн дүүрэгт нохойтойгоо зугаалж байхдаа өртөж байсан тухай ярьжээ.

АНУ-ын нутаг дэвсгэрт гарсан эдгээр тохиолдол гадаад болсон ижил төрлийн хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Шалгалт явуулж буй албан тушаалтнууд эдгээр хэргийн ард ОХУ, БНХАУ улс байж магадгүй гэж үзэж байгаа ч мэдээлэл үгүй тул энэ талаар ярих эрт байгаа гэнэ.

2016-2017 онуудад Кубад, 2018 онд БНХАУ-д ажиллаж байсан АНУ-ын дипломат ажилтнууд авиан нөлөөлөлд өртсөний улмаас урт хугацааны явцад эрүүл мэндийн асуудалтай тулгарсан гэж таамаг бий. “Хаваны” гэгддэг синдром юунаас үүдэлтэй нь одоогоор тодорхойгүй байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top