Газын зурваст гал зогслоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21


Израил, Палестины “ХАМАС” бүлэглэлийн хооронд тогтсон гал зогсоох дэглэм баасан гарагт орон нутгийн цагаар 02:00 цагаас (Улаанбаатарын цагаар 07:00 цаг) үйлчилж эхэллээ.

Зэвсэгт ажиллагаа үргэлжилсэн 11 хоногт 200 гаруй хүний амь үрэгджээ. Тэдний ихэнх нь Газын зурваст амиа алдсан байна.

Үүнээс өмнө Израилийн Засгийн газар эвлэрэх тухай шийдвэр гаргаж, 11 хоногийн цэргийн ажиллагааны үеэр “Томоохон үр дүнд” хүрсэн гэж мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэхүү шийдвэрийг сайшааж, талуудыг гал зогсоох дэглэмийг хатуу мөрдөхийг уриалсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд талархал илэрхийлж, НҮБ-тай хамтран Газын зурваст хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх тал дээр ажиллана гэж мэдэгджээ.

11 хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр буюу Палестины талын мэдээлснээр дор хаяж 232 энгийн иргэн, тэр дундаа 100 орчим эмэгтэйчүүд болон хүүхэд амиа алджээ. Израилийн талын мэдээлснаар, амь үрэгдсэн хүмүүсийн 150 орчим нь ХАМАС бүлэглэлийн босогчид байсан гэнэ.

Израилд пуужингийн цохилтын улмаас 12 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ. Петах Тиква, Ашдод, Ашкелон зэрэг хотуудад гэр оронгүй болсон хүмүүс хоргодох байранд байрлаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top