Улсын Их Хурлын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцлээ. Энэ үеэр Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа тооллогын дүнг танилцуулав.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу амжилттай зохион байгуулсан.
Тооллогын товыг УИХ-ын 2017 оны 76 дугаар тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагаар” тогтоож, тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд зохион байгуулсныг Үндэсний Статистикийн хорооны дарга мэдээлэлдээ онцлоод, УИХ-ын 2017 оны “Улсын комисс байгуулах тухай” 77 дугаар тогтоолын дагуу Улсын тооллогын Комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргийн дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласныг дурдав.
Түүнчлэн “Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, орон сууц 2020 оны ээлжит тооллогын дунд үндэслэн хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр 2021 тооцож гаргах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, харилцаа холбоо гэх мэт бүхийн салбарын бодлого төлөвлөлтөд ашиглагдах болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүн ам, орон сууцны тооллого, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сан бол их өгөгдөл. Зөвхөн хүн амын хэдэн хувь нь ямар сууцад амьдарч байна вэ гэсэн мэдээлэл дээр л төрийн бодлого, төвлөрлийг сааруулах, хөгжлийн алсын хараа бодлогоо төлөвлөх суурь нь болно. Иймд их өгөгдөл нэн ялангуяа хүн ам, орон сууцны тооллогын үр дүнг бусад дататай уялдуулан ашиглах талаар нэгдсэн томоохон бодлого боловсруулах шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар төлөвлөн, ажиллахаа мэдэгдлээ гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүн ам, орон сууцны тооллого явууллаа гэчихээд Монгол хүн амын тоо хэд, хэдэн төрлийн орон сууц ямар тоо хэмжээтэйг мэдэхгүй зогсож байдаг этгээдүүдийг юу гэж үзэх вэ? Мал гэх үү?