Европын холбооны гишүүн орнуудын тэргүүн нар Беларусийн иргэний агаарын тээврийн компаниудад Европын агаарын орон зайд нислэг үйлдэхийг аль болох ойрын хугацаанд хориглохыг дэмжжээ.
Үүний сацуу Беларусийн онгоцнууд Европын холбооны нисэх онгоцны буудлыг ашиглах боломжгүй болж байна. Түүнчлэн, Европын иргэний агаарын тээврийн компаниудад Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр аль болох нисэхгүй байхыг зөвлөжээ.
Европын холбооны гишүүн орнууд сэтгүүлч Роман Протасевичийг суллахыг уриалж, түүний зорчиж явсан онгоцыг Минск хотод буулгасан явдлыг байж боломгүй, нислэгийн аюулгүй байдалд заналхийлсэн явдал хэмээжээ.
Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцогчид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг уриалж, санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Эдгээр шийдвэрийг энэ сарын 23-нд Афин-Вильнюс чиглэлд нисэж явсан Ирландын “Ryanair” иргэний агаарын тээрийн компанийг онгоцыг дэлбэрэх бөмбөг бий гэсэн худал мэдээлэл тараан, Минск хотод ослын буулт хийлгэсний хариуд гаргаж байна. Энэ нислэгээр “Nexta” сувгийн “Telegram” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Беларуст хэт даврагч хэмээн нэрлэгдээд буй Роман Протасевич нисэж явжээ. Онгоц ослын буулт хийсний дараа Беларусийн тал түүнийг саатуулсан юм. Протасевичийг 2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааныг сурвалжлан, зохион байгуулсан хэмээн эрүүгийн хэрэгт буруутгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )