Израилийн “Ямина” намын тэргүүн Нафтали Беннет Израилийн шинэ Ерөнхий сайд болж, Бенжамин Нетаньяхугийн 12 жил үргэлжилсэн үед төгсгөл тавив.
Засгийн газрыг бүрдүүлэх эрх авсан эвслийн тохиролцоо ёсоор, ирэх хоёр жилд Нафтали Беннет сайд нарын танхимыг тэргүүлж, “Еш Атид” намын тэргүүн Яир Лапид халааг нь авах юм.
Харин Бенжамин Нетаньяху парламент дахь сөрөг хүчний тэргүүн болж байна.
Кнессет буюу парламентын сонгуулийн үр дүнгээр Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин Бенжамин Нетаньяхуд шинэ засгийн газрыг бүрдүүлэх үүргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр өгч байв. Гэвч тэрбээр хуульд заасан хугацаанд эвслийн засгийн газар байгуулж чадаагүй тул засаг бүрдүүлэх эрх Лапидад ирсэн билээ.
Лапид “Өөрчлөлтийн блок” нэртэй эвсэл байгуулсан юм.
Израилийн шинэ Ерөнхий сайдаар сонгогдоод буй Нафтали Беннет 1972 онд Хайфа хотод төржээ.
1990-1996 онд армид алба хааж, Иерусалим хотын Еврейн их сургуульд эрх зүй, бизнесийн удирдлагаар суралцаж, төгсжээ. Беннет нь эдийн засгийн либералчлах, татвар, хүнд суртлыг бууруулахын төлөө байр суурь баримталдаг. Ижил хүйстнүүдийн эрх, шашин шүтлэгийн талаар либерал байр суурийг мөн баримталдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )