Шинэ зах зээл бий болгох боломжийн талаар хэлэлцэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

“Монгол Улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” төр-хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өнөөдөр болж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч болон төрийн байгууллагын төлөөллүүд, бизнес эрхлэгчид оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “МҮХАҮТ нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, улмаар экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын худалдааг дэмжих–ТРАМ төслийн хүрээнд гоо сайхан, чацаргана, торомны ноос, сарлагийн хөөвөр, арьс ширний кластерийг байгуулан үйл ажиллагааг дэмжиж байгаа. 2020 оны арваннэгдүгээр сард Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн “Mongolian green labels” дэлгүүр нээгдсэн. Мөн Германы ХАҮТ-ын Холбооны хамтын ажиллагааны төслийн хүрээнд Увс аймагт чацарганы, Архангай аймагт хонины ноосны кластер багуудын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг дэмжин амжилттай ажиллаж байна” гэв. Мөн Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилга, Эдийн засгийн томоохон төслүүдийг хувийн хэвшлийн манлайлал дор хэрэгжүүлэх замаар Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг гарган шийдвэр гаргах түвшинд болон томоохон бизнес эрхлэгчдэд танилцуулаад байгаагаа тодотголоо.

Тус хэлэлцүүлгээр нэмүү өртгийн сүлжээ ба зах зээл, зах зээлийг тэлэх, шинэ зах зээлийг бий болгох боломж бололцооны талаар хэлэлцэж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжихэд шаардлагатай  бодлогын зөвлөмжүүдийг гаргахад чиглэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top