Гарааны бизнес, энтрепренершипийн бүрэн хэмжээний үндэсний цуврал контент ”ROCKIT”-ийг “Эрхэт Монгол” групп, “Стартап Маркетинг Спэйс” хамтран бүтээж байгаа билээ.
ТВ8 телевизээр бямба гараг бүр үзэгчдэд хүрдэг уг контент нь: Бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлж амжилттай яваа эрхмүүдийн түүх, Шинэхэн бизнестээ хөрөнгө оруулалт хүсэж хамтрагчаа хайсан залуус, Хөгжлийн гарц шийдэл эрэлхийлсэн ярилцлага, Инновацид суурилсан техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг юм.
”ROCKIT”-ийн 5 дахь дугаарын "Тэгээс Тэрбум руу" буланд "Ай Си Ти Групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Дэд захирал А.Баттамир оролцсон байна. Хоёр л ажилтантай эхлүүлж байсан бизнес нь өдгөө 250 ажилтантай, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэх компани болж өргөжсөн байна. Тэрбээр төдийгөөс өдийг хүртэлх бизнесийн түүхээ ”ROCKIT”-д хуваалцсаныг хүргэе.
“Манай компанийг хүмүүс “АйТүүлс”-ээр их мэддэг. Тийм байх нь ч аргагүй. "Ай Си Ти Групп" ХХК-ийн хамгийн анхны компани болох “АйТүүлс” 2011 онд байгуулагдсан. Дата центер, веб сайт, сервер байршуулах үйлчилгээнд зориулагдсан компани анх байгуулж байсан. 2013 онд веб хөгжүүлэлтийн “АйДэйм” болон контент хөгжүүлэлтийн “АйКонтент” гэсэн хоёр, гурав дахь компаниудаа байгуулж байсан. Тэгж "Ай Си Ти Групп" бий болсон. Анх хоёр хүнтэй л эхэлж байсан. Компанийн нөгөө хувьцаа эзэмшигч маань бизнес талаа илүү хариуцаад, миний хувьд техник, технологи талаа хариуцаад явдаг байсан. Манай хамгийн анхны ажилтан бид хоёр инженерээ ч, үйлчлэгчээ ч, борлуулагчаа ч хийгээд л, бүх юм аа хийгээд л явж байсан.
Одоогийн байдлаар “Ай Си Ти Групп" 250 орчим ажилтантай, 32 компанийн бүрэлдэхүүнтэй компани болсон байна. Компаниуд маань бүгдээрээ технологийн чиглэлийнх. Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжүүлэлт хийдэг. Би өөрөө программист мэргэжилтэй. 2010 оны үед нэлээн олон програм хангамж системүүд, веб суурьтай програмууд хийсэн.Тухайн үед нэг програм хийгээд, тэрийгээ хаана байршуулах вэ гэхээр серверүүд байдаггүй. Нэг веб сайт хийлээ гэхэд гадны зах зээлд байршуулдаг. Ихэвчлэн АНУ-ын компаниуд байдаг. Цагийн зөрүү, хэл усны асуудал гээд байдаг байсан. Тэр үед л дата центерийн чиглэлээр үйл ажиллагаа эхлэх нь зүйтэй гэдэг нөхцөл зах зээлд бүрдчихсэн байсан.
Цаашлаад ч мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт үндсэн суурь нь дата центер байна. Юм болгон явж байгаад л нэг дата центер, нэг сервер дээр л байршдаг учраас. Дижитал бизнесийн их том суурь болох ёстой юм байна гэдэг үүднээс дата центерийн бизнесээр эхэлсэн.
Технологийн бизнес нэлээн онцлог байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо цахим шилжилт гээд хийгдэж байна. Эд чинь дандаа цоо шинэ юмнууд. Цоо шинэ юмнууд гэхээр чинь өмнөх гуч, дөч, тавь, зуун жилийн түүхэнд байхгүй зүйлүүд орж ирж байгаа учраас хуулийн зохицуулалтгүй орчнууд байдаг. Тэгэхээр хууль дүрмээр хориглоогүй бол болноо гэсэн заалтад л хамаараад явдаг. Төр засгийн зүгээс гэх юм бол шинэ зүйлүүдийг маш хурдан хуулийн зохицуулалтад оруулж өгөх ёстой. Бусад орнуудын жишээг харж байхад, цахим шилжилт хийнэ гэж байгаа бол өмнө нь уламжлагдаад явж байсан бизнес процессүүд бүгд шинээр зурагдаж, шинээр тодорхойлогдож явж байна. Үүнийг дагаад маш олон шинэ зохицуулалтууд гарч ирнэ.
Тухайлбал, манай улс цахим гарын үсгийн хууль гээд арваад жил боллоо. Одоо болтол иргэн бүрийн хувьд энэ нь хангалттай хэрэгжиж чадахгүй байна. Интернэтийн бизнес бол ковидын үед харилцагчаа авчрах сонирхол байхгүй. Онлайнаар үйлчилгээ үзүүлнэ гэгдэж байгаа бол тэнд хийгдэж буй гэрээ хэлцлүүдийг цахимаар нь баталгаажуулж өгөх ч байдаг юм уу. Хууль эрх зүйн хувьд цаасан баримттай дүйцэхүйц хэмжээний цахим баримтыг бий болгох. Энэ бол энгийн амьдрал дээрх жишээ...
Түүний ярилцлагыг үзнэ үү.
”ROCKIT”-ийн “Стартап Питч" буланд "Эко Майн Системс" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Досан оролцсон байна.
“Эко Майн Системс” ХХК нь АНУ-ын Техас мужийн “Emission Technology of Texas” LLC –ийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг. 2001 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн ЭКО системийг дэлхийн зах зээлд нийлүүлэх, борлуулах онцгой эрхийг авсан компани юм.
А.Досан бизнесээ танилцуулахдаа “Уг бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад оруулж ирэх үндсэн шалтгаан бол Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа 675 мянга орчим авто машины 80% нь арваас дээш жилийн насжилттай байдаг. Автомашины насжилт өндөрсөхийн хэрээр яндангаас ялгарах хорт утааны нэгдэл нэмэгдэх үндсэн шалтгаан болдог. Манай компанийн үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу тал юу вэ гэхээр машины яндангаас ялгарч байгаа хорт утааны нэгдэл буюу нүүрстөрөгчийн дутуу ислийг, мөн азотын ислийг 95 хувь хүртэл бууруулж өгөхөөрөө онцлог байна.
Хэрхэн бууруулах вэ гэхээр хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад таван төрлөөс сонголтоо хийнэ. Ажиллах зарчим нь маш энгийн. Бензин түлш энэ эко төхөөрөмжийн дундуур дамжин өнгөрөх төдийд бензиний найрлагад байгаа нүүрс устөрөгчийн эмх замбараагүй байгаа молекулуудыг атомын түвшинд задалж өгснөөр хөдөлгүүр дотор бүрэн шаталт бий болно. Ингэснээр таны машины яндангаас ялгарч байгаа хорт утааны нэгдэл 95 хувиар, шатахууны зарцуулалт 30 хувиар буурна. Машины хөдөлгүүрийн эд ангид сөрөг нөлөөгүй.
Эко төхөөрөмжийг сонгох гурван шалтгаан бий.
Өнгөрсөн хоёр жилд бид 500 нэр төрлийн 2000 автомашинд Эко төхөөрөмжийг суурилуулж, бодитой үр дүнг харуулсан.
Манай компани зөвхөн Монгол Улсдаа үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дэлхийн бусад бүх улсад эко системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Латин Америк, Казахстанд манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн. Цаашид бүх улс оронд энэхүү технологийг нэвтрүүлэх зорилготой байгаа учраас бид бизнесийн хамтрагч хайж байгаа гэв.
Түүний танилцуулгыг дараах бичлэгээс үзнэ үү.
Нэвтрүүлгийн "Бодлогын Зочин" ярилцлагын буланд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал оролцож, “Асуудал ,Шийдэл, Үр дүн” сэдвийн хүрээнд ярилцсан байна.
Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар хөтлөгч түүнээс тодруулан асуухад, бодлого төлөвлөлт хийдэг төрийн захиргааны байгууллагын үүсэл нь 1945 оноос хуучин Төлөвлөгөөний комиссоос эхлэлтэй гэж байсан. Сүүлийн үед дунд хугацаандаа тогтвортой байдал нэлээн алдагдсан. Үндсэн гол ажил бол Монгол Улсын цогц хөгжлийн төлөвлөлтийг бодлогын түвшинд хийх гэдгийг тодотгосон.
Хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийх, салбар хоорондын нэгдсэн бодлогын зохицуулалтыг хангах, орон нутгийн хэмжээний бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт гээд цар хүрээ, үүрэг чиглэлийн хувьд нэлээн өргөн. Одоо агентлагийн хэмжээнд 55 хүний бүрэлдэхүүнтэй, чиг үүргийн дагуу хэлтсүүдэд хуваагдаад ажиллаж байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүний нөөцийн даацаас хэтэрсэн ачаалал ирэх нь байдаг хэмээв.
Түүний ярилцлагаас онцлох ЭШЛЭЛҮҮД
”ROCKIT” НЭВТРҮҮЛГИЙН 5 ДАХЬ ДУГААР БҮРЭН ЭХЭЭРЭЭ
Сэтгэгдэл ( 0 )