МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр цар тахлын үед ажиллаж буй эрдэмтдийн багийн гишүүн юм.
-Зургаадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна гэж эрдэмтэд тооцоолсон. Гэвч хангалттай хэмжээнд буурахгүй байна. Халдвар нэмэгдээд байгаа шалтгааныг эрдэмтэд юу гэж харж байна вэ?
-Эрдэмтэд зургаадугаар сарын 15-наас буурна гэж тооцоолсон. Энэ дагуу зургаадугаар сарын 18-наас буурсан гэж харагдаж байна. Өдөрт гарах тохиолдлын тоо 2700 байсан бол өнөөдөр 2200 руу буурсан. Бидний тооцоолол 3 хоногоор л зөрж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд хөл хориог сулласны дараа халдвар 7 хоногийн турш буурсан ч дахин өссөн. Өсөхдөө оргил үе нь зургаадугаар сарын дунд үед таарах юм байна гэж тооцоолж байсан.
Дараа нь тавдугаар сарын дундуур дахин тооцоолол хийж, зургаадугаар сарын 15-наас тохиолдлын тоо буурна гэж үзсэн. Энэ тооцооллыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулж, сайд цааш нь танилцуулсан тул зургаадугаар сарын 15-наас буурна гэдэг мэдээ гарч эхэлсэн. Ийм тооцоолол хийсэн нь үнэн. Зургаадугаар сарын дунд үед өдөрт гарах тохиолдлын тоо 1200, 1300 хүрээд вакцины нөлөөгөөр буурах байсан. Гэвч зуны хөл хөдөлгөөн нэмэгдсэн, сонгуулийн үйл ажиллагаа явагдсан, шагнал гардаж авсан зэрэг хүчин зүйлээс хамаараад өдөрт гарах тохиолдлын тоо 2000 давлаа.
Гэсэн ч буурах үеийг тооцоолсон нь яг таараад явж байгаа гэдгийг онцолмоор байна.
-Вакцины үр нөлөө хангалттай байж чадаж байна уу?
-Вакцины үр нөлөө 70-80 хувийн үр дүнтэй байна. Вакцин хийлгэсэн 4 хүний 3 нь хамгаалагдаж байна гэсэн тоон судалгаа бидэнд ирсэн. Энэ нь өдөрт гарах статистик тоон мэдээллээр баталгаажиж байгаа.
-Мутаци хувилбар орж ирсэн байх магадлал өндөр байгааг Орхон аймаг зарлалаа. Энэ хувилбар нийслэлд ч байхыг үгүйсгэхгүй байх тийм үү?
-Мутаци хувилбар орж ирсэн байх магадлал өндөр. Халдварын эрч өндөр хувилбар байж магадгүй. Гэхдээ лабораторийн шинжилгээгээр бүтэн геномик судалгаа хийж байж тодорхойлно. Би энэ талыг судалдаг судлаач биш учраас нарийн хэлж мэдэхгүй. Гэхдээ мутаци хувилбар байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
-Цаашид ямар арга хэмжээ авч байж тархалтыг илүү эрчимтэй бууруулах боломжтой байна вэ?
-Халдварын тархалтыг бууруулах боломж нь гэр бүлийн гишүүд хавьтлаа цөөлөх шаардлагатай. Гадуур явж, спортоор хичээллэж болно. Гэхдээ найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй. Хүн хоорондын хавьтлаа бууруулснаар халдварын тархалт буурна. Хамгийн муу арга бол хөл хорио юм. Хөл хорио тогтоохгүйгээр хүмүүс өөрсдийн ухамсраар найз нөхөдтэйгөө уулзахгүй, найр наадамд хийхгүй бол халдварын тохиолдол буураад явна. Гэхдээ вакцины нөлөөгөөр 18-наас буураад эхэлсэн. Ингэхдээ нэлээд удаашралтай буурах төлөвтэй байгаа тул хөл хорио нь илүү хурдацтай буулгана гэдэг зүйлийг хэлээд байгаа юм.
-Эрдэмтдийн зөвлөлөөс 60 хоног хөл хорих хугацааг УОК-т санал болгосон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм урт хугацаа хэлээгүй. Зургаадугаар сарын 15-наас 10 юм уу 15 хоног гэдэг тооцоолол хийж үзсэн. Тооцооллын үр дүнг нягталж байгаад УОК-т хүргүүлдэг.
-Хүн бүр КОВИД-гүй өмнөх үеэ хүсэж байна. Сайхан цаг хэзээ ирэх бол?
-Халдвар 100 хувь алга болно гэж хэлэхэд хэцүү. Засгийн газар 2021 оны долоодугаар сарын 1-нд вакцинжуулж дуусна гэж хэлсэн. Энэ хугацаандаа багтаж зорилтод 2 сая хүнээ вакцинжуулж дуусах хандлагатай байна. Гэхдээ вакцин хийлгэсэн хүн бүр дархлаатай болохгүй. Энэ нь вакцины үр нөлөө гэдэг зүйлээс хамаарч байгаа юм. Дөрвөн хүн тутмын нэг нь вакцин хийлгэсэн ч халдвар авах эрсдэлтэй.
Ингээд тооцоод үзэхээр вакцинжуулалтад хамрагдсан 2 сая хүний 1,5 сая нь дархлаатай болно. Үлдсэн 500 мянга нь дархлаа тогтохгүй. Монгол Улс 2,3 сая хүнд сүргийн дархлаа тогтоохын тулд дахин хагас сая иргэндээ вакцин хийх шаардлагатай. Ингэснээр вакцинжуулалтад хамрагдсан 4 хүн тутмын нэг нь буюу 400 мянга нь нэмж дархлаатай болно.
Өөр нэг муу хувилбар бол 130 орчим мянган хүн шинж тэмдэгтэй байдлаар халдварт өртөж байхад үүний цаана 3 дахин их хүн шинж тэмдэггүй өвдөөд явдаг. Нэг ёсондоо байгалийн дархлаатай хүмүүс юм. Гэхдээ бид арга хэмжээгээ цааш авсаар байх шаардлагатай. Эсвэл ард иргэд аль болох хавьтлын тоог багасгах юм бол халдварын тохиолдол буурна. Энэ эрчээрээ бол халдварын тоо 130 мянгаас давах нь тодорхой юм.
Сэтгэгдэл ( 3 )
ИНТЕРМЕД эмнэлэгт 2021 оны 05-р сарын 06-ны өдөр эхний тунгаа хийлгэсэн иргэдийн 2 дахь тунг яагаад аваад сонгуулийн шоунд хэрэглэж өрхийн эмнэлэгээр үнэгүй тарьчихваа. ??\n\nТэр чинь мөнгийг нь төлчихсөн иргэдийн 2 дахь тунгийн вакцин байсан ??\n\nЭМ-ийн сайд аа ДААНЧ ДЭЭ ?? Ийм сонголт хийж байх гэж ??\n\n1 тунтай иргэд өвдөж байна ?? ЯАХ ВЭ ЭМ-ийн САЙД АА ????????????????????
Ийм юм ярьж явдаг хошногны үс эрдэмтэн гэж явдаг мөн таарч дээ, Монголыг заяа нь хаяцан вм байлгүй
ӨМНӨХ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ХАЛДВАРЫН 2 НУУЦ ҮЕ БАЙВАЛ САЙН ГЭЭД 28 ХОНОГ ХӨЛ ХОРЬСОН БИЗДЭЭ. ТЭГВЭЛ ӨМНӨХ ШИГ 28 ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ ЮУ.... ДАРАА НЬ ХОНОГ ДУТУУ БАЙГААД ХАЛДВАР ИХЭСЛЭЭ ГД ОЛОН ЮМ ЯРИАД БАЙХГҮЙ ЮУ....