2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төслийн танилцуулгыг хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Ирээдүйн өв санд хэдэн төгрөг хуримтлагдсан талаар тодруулав. Нийт тогтворжуулалтын сангийн орлого нэмэгдснээр Ирээдүйн өв санд хуваарилагдах орлого буурсан үзүүлэлттэй харагдаж байна гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс хийв.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Ирээдүйн өв санд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлах болсныг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд Сангийн яаманд ажиллаж, Ирээдүйн өв санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгах шаардлагатай гэсэн тайлбар хийсэн тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааныг түр хойшлуулаад байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )