Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт Ковид-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээг дэлхийн улс орнуудын туршлага, банкны болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлж ирлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181,783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулаад байна.
Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээлээ.
Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг /90 хоног болгосон байгааг/ 2021 оны 8 дугаар сараас 75 хоног, 2021 оны 10 дугаар сараас 60 хоног, 2021 оны 12 дугаар сараас 45 хоног, 2022 оны 02 дугаар сараас 30 хоног, 2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицууллаа.
Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ.
Банкуудад хяналт шалгалтын хүрээнд мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.
Цаашид Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цар тахлын болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулгыг хийж ажиллах болно. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг ханган ажиллах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана гэж Монголбанкнаас мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 0 )